2020.12.04

Ц.Даваасүрэн: Баялаг бүтээж дахин хуваарилалт хийх нь илүү үр дүнтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Бидний мэтгэлцээд байгаа зүйл бол хавтгайруулаад байгаа бэлэн мөнгө өгчих үү, эсвэл төсвөөр дамжуулаад эдийн засгийн дахин хуваарилалт хийх үү гэсэн асуудал байгаа юм. Нийт хэрэглээний зах зээлийн 40-50 хувийг төсвөөр дамжиж хийж байгаа. Тэр нь бизнесийн салбарт очиж байгаа. Баялаг бүтээж дахин хуваарилалт хийх нь илүү үр дүнтэй гэж харж байна. Хавтгайрсан бэлэн мөнгө нэмэлт хэрэглээ бий болгодог. Тэгээд бизнес нь зогсонги байдалд орсон нийлүүлэлт дутаад, үнэ өсдөг. Үнэ өсхөөр орлогогүй иргэд улам ядуураад байна гэдгийг аль аль талаасаа бодох хэрэгтэй байна.

Асуудлыг тайлбарлахаар вакциний тухай яриад байгаа юм. Вакцины талаар ЭМЯ зөвлөмж гаргах хэрэгтэй. Хүн амын ямар хэсэгт вакцин хийх вэ? Дархлаатай ханиаж, найтаагаад халуурахгүй шахуу байгаа хүмүүст хийх шаардлага байна уу? Энэ ханиад яаж яаж тусах вэ гэдгийг гаргачихмаар байна. Чадахгүй бол гаднаас зөвлөх авчираад эхлээд үүнийг хийе. Бүгдийг нь вакцинжуулах уу? Эрсдэлтэй байх суурь өвчтэй, өндөр настай хэсгүүдээ вакцинжуулах уу гэдэг дээр ярьж байж вакциний тухай ярьсан нь дээр байх гэж бодож байна. Би энэ вакциний асуудал дээр алдаатай байна гэж харж байна. 

Жишээ нь: Хөвсгөлд Японоос ирсэн оюутан 2 сар хорионд байна. Тэр оюутан эхлээд түргэвчилсэн шинжилгээ өгсөн чинь эерэг гарсан. Тэгээд долоо, найман шинжилгээ өгөөд нэг эерэг гараад, нэг сөрөг гараад байгаад л байдаг. Энэ хүн халдвар тараагч болоод байгаа эсвэл халдвар авагч болоод байгаа. Энэ хэтэрхий олон хоног чинь өөрөө халдвар тараах цөм болоод байгаа юм биш үү? Саяын халдвар чинь тэндээс гарчихлаа. Олон хоногоос болоод хоорондоо хутгалдаад гарчихлаа.

Дэлхийн АНУ, Канадын өвчин судлалын төвүүдийн гаргаад байгаагаар 10 аад хоногийн халдвартай байдаг. Хүний дархлаанаасаа хамаараад гурван сар унтамхай байдалд ороод арилдаг юм байна. Тэр үед нь илэрүүлчихээд л тэвдэж гүйгээд хүнийг хоёр, гурван сараар нь хориод, эдгэрсэн байхад нь бусдаас нь дахин халдварлуулах байдал гарч байж болзошгүй юм. Тиймээс авч байгаа арга хэмжээнүүдээ зөв болгох, бизнесийн салбараа идэвхтэй болгох, хүн амаа орлоготой, ажлын байртай нь байлгаж орлоготой болгох хэрэгтэй.

Бэлэн мөнгөний асуудал хүн амдаа сөрөг нөлөөлөл үзүүлдэг гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг сонгууль дөхөхөөр бэлэн мөнгө гэсээр байтал ажил хийдэг хүнгүй боллоо. Одоо бол онцгой нөхцөл ч гэсэн ч өөрийнх өдрийн орлогыг олоод өөрийгөө аваад явъя гэж байгаа хүнийг дэмжих хэрэгтэй. Хамгаалаад, ариун цэврийн байдлыг нь сахиулаад, бизнесээр нь дамжуулаад орлого өгөх ёстой. Хамгийн бэлэн, хялбар аргыг сонгоод байж болохгүй. Тийм учраас Эрүүл мэндийн салбар, УОК-ынхон шинжлэх ухаан дээр үндэслэлтэй байдал дээр хандах хэрэгтэй. Гадна дотно байгаа эрдэмтэдээ тараачихсан тэднийхээ үгийг сонсоод алдсан оносон, эргэж буцсан арга хэмжээ авдагаа болимоор байна.

Төсөв дээр чинь улс төржсөн юм ковидоос болж ороод ирлээ. Миний саналаар энэ төсвөө явуулдагаараа явуулаад дахин хуваарилсан мөнгө чинь хөрөнгө оруулалтаараа дамжаад очино. Хөрөнгө оруулалт дээр хэрэггүй юм гэж байхгүй.

Бидний Латин Америк, Арабын орнуудаас давуу тал нь бид сумандаа хүртэл стандартын сургууль эмнэлэгтэй. Үүнийгээ ямар ч үед санхүүжүүлээд аваад явах хэрэгтэй. Үүний цаана хүний эрүүл мэндийн асуудал яригдаад явж байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтыг нүд үзүүрлэхээс илүү ковидын үед аль болох бизнесийн салбараа зогсоочихгүй байх чиглэлээ анхаарах. Зээлийг хөнгөлөлттэй болгох ч гэх юм уу. Төсвөө зогсоогоод, хэрэглээгээ хумиад байх юм бол хямрал руугаа явж, үнэ өсөх болно.