2020.10.28

Х.Ганхуяг: Төрийн байгууллагуудад аудитаас санхүүгийн шалгалт хийж байна уу?

Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр /2020.10.28/ хуралдлаа. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг асуулт асуулаа:

Аймгуудад мэдээлэл технологийн албадууд байгуулаад дөрвөн жилийн хугацаатай цахим шилжилттэй холбоотой мэдээллийг мэдээлдэг. Цахим шилжилттэй холбоотой мөнгө угаах тал руугаа явж байгаа харагдаж байна. Тиймээс төсвийг хайхрамжгүй зарцуулж байна. Төрийн аудитаас энэ талаар шалгалт хийж, хяналт тавьж байна уу?

21 аймагт бүх яамдуудаар хэчнээн хэмжээний мөнгө тавигдсан бэ?

И-mongolia гэж гарсан байхад тусдаа аппликейшнууд хийгдэж байна. Бид нэг засаг, бодлоготой байх ёстой. Яагаад тус тусдаа юм хийгээд байна вэ? 2021 оны төсөв дээр хэчнээн хэмжээний мөнгө яамдууд дээр тавигдаж байна вэ?

Төрийн үйлчилгээг нэгтгэх байдал ингээд салангад яваад байх уу? Үүнийг хэн хариуцах вэ? Кибер аюулгүй байдалтай холбоотой бодлого гаргаад явдаг хүмүүсийн төсөв дээр нэмж болох уу? 

Давхардаж гарч байгаа зардлуудыг хэмнэх боломж хэр байна вэ?

Түүний асуултанд Үндэсний аудитын газрын санхүүгийн аудитын газрын захирал Наранчимэг хариуллаа.