С.Чинзориг: Эрүүл мэндийн салбарын бүх ажилчдын цалинг нэмэх нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.30/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Төсвийн тодотголтой холбоотойгоор барилгын материалын үнэ тэр дундаа ар матурын үнэ гэхэд хоёр дахин өсчихлөө. Барилгын сайдын тушаал гараад барилгын ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх шийдвэр энэ оноос хэрэгжиж эхэлж байгаа гээд хөрөнгө оруулалтын зардал нэмэгдэх бодитой асуудал үүсээд байна. Хөрөнгө оруулалтын өртөгт өөрчлөлт оруулах талаар төсвийн тодотголд тусгах уу?
Ялангуяа улаан бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Одоо улаан бүсэд ажиллаж байгаа ажилчдын цалинг нэмэх гэж ярих хэрэг байна уу? Яагаад гэвэл хот, хөдөөгүй л улаан бүс болчихсон байна. Нийт эмнэлгийн ажилчдын цалин, урамшуулалын асуудлыг ярих хэрэгтэй. Одоо улаан, ногооноор ялгах ямар ч аргагүй болсон байна. Жишээ нь Өвөрхангай аймагт халдваргүй хоёр сум л үлдсэн байна гэж аймгийн Засаг дарга ярилаа. Ингээд явцуурвал дахиад асуудал үүснэ.
Эрүүл мэндийн даатгалаас 394 тэрбум төгрөгийг нэмж зарцуулах тодотгол орж ирж байна. Эрүүл мэндийн даатгалын санд ийм хөрөнгийн эх үүсвэр байна уу? Төсөв баталж байхад 600 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй гэж ярьж байсан. 287 тэрбум төгрөгийг нь үлдэгдлээ санхүүжүүл гээд энэ оны төсөвт орчихсон. Тэгэхээр цаана нь 330 орчим тэрбум төгрөг л байгаа. Гэтэл 394 тэрбум төгрөг Эрүүл мэндийн даатгалын сангаас гарах боломж байна уу? PCR шинжилгээ хийхэд 225 тэрбум төгрөг зарцуулах нь байна. Үүний оронд эмчлэх эмнэлгийнхээ тусламж үйлчилгээнд зарцуулж болдоггүй юм уу?
Эрүүл мэндийн даатгалын сангаас гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчний үед Эрүүл мэндийн даатгал сангийн хөрөнгийг зарцуулна гэж төсөвт оруулж ирээд байна. Гэтэл Эрүүл мэндийн даатгалыг одоо мөрдөгдөж байгаа хуулиар зарцуулах боломж байхгүй байна. Эрүүл мэндийн тухай хуульдаа төр хариуцах хуультай байгаа. Үүнийг зарцуулах гэж байгаа хуульд нь өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн хуульд нь зөрчилгүй болгоод оруулж ирж болохгүй юм уу? Заавал УИХ-ыг хууль зөрчсөн шийдвэр гаргуулах гээд байх юм Эрүүл мэндийн сайд С.Энхбатаа. Хөрөнгө оруулчихсан эмнэлэгийн байгууллагуудад Эрүүл мэндийн даатгалын хуульд хөрөнгө оруулалт хийх эрх зүйн орчин байхгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах, хамт төсвийн тодотголтойгоо оруулж ирээд өөрчлөлт хийж болохгүй юм уу?
Түүний асуултанд Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn