21.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулна
2021.06.29

21.0 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байгуулна

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.29) цахим хуралдаан 11 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. 

 Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулав. Монгол Улсын Засгийн газар коронавируст халдвар, цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх зорилго бүхий 21.0 сая ам.долларын “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг байгуулахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай тохиролцоод байгааг Эрүүл мэдийн сайд танилцуулгадаа онцолсон. 

Энэхүү төсөл нь Азийн хөгжлийн банкны 19.0 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр хэлэлцээрийг байгуулаад буй “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн хамтарсан санхүүжилт хэлбэрээр олгогдох бөгөөд АДБХОБ-ны 50 хувиар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ВероСелл вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх боломжтой. АДБХОБ-ны 21 сая ам, долларын хөнгөллттэй зээлийн хүү 0.16 хувь хувьсах тархалтын хувь 0.63, эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3  жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба хөрөнгө баталгаажуулсны төлбөр 0.25 хувь байна гэж танилцуулгад  дурджээ.

    Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 72,7 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов.