2021.10.14
Ц.Мөнхцэцэг: Ковидын вакцины татан авалт дээр цаашид ямар бодлого барих вэ?
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асуулаа.
Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Вакцинтай холбоотой дэлхий дахины болон геополитикийн байдлыг үнэлж улс төрийн мэдрэмжтэй шийдвэр гаргах хэрэгтэй. Өнгөрсөн долоо хоногт дэлхийн социолдемакрат намуудын олон улсын байгуулгын хурал болсон. Энэ хурлаар цар тахлын нөхцөл байдал тэгш бус байдлыг гүнзгийрүүлж, вакцинаас улбаатай хүртээмжгүй байдал, хуваагдал бий болсныг ярьсан.
Энэ нөхцөл байдал Монгол Улсын хувьд илэрч байна. Хэдийгээр манай улс 65,1 хувийг вакцинжуулсан ч гэсэн, 2 тундаа бүрэн хамрагдсан ч синофарм вакциныг Европын оронд хүлээн зөвшөөрөхгүй байна. Европын холбооны эмийн агентлаг энэ тал дээр шийдвэр гаргаагүй байгаа. Үүнээс хамааран Европын оронд зохион байгуулагдаж байгаа тэмцээн уралдаанд бид явах эрхгүй болоод байна. Одоогоор 10-аад улс хүлээн зөвшөөрөөд байна.
Вакцин сонголт дээрээ улс төрийн мэдрэмжтэй хандаж, нөхцөл байдлыг сайн судлах шаардлагатай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага яаралтай горимоор хүлээн зөвшөөрсөн байгаа боловч ОХУ-ын вакцин, БНХАУ-ын вакциныг Европ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Цаашдаа вакцины татан авалт дээр ямар арга авч байгаа вэ?
Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд хариулав.