2023.12.14
Б.Баттөмөр: Төслийн үр өгөөжийг хэрхэн тооцож байгаа вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.12.14/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанар хэлэлцэх асуудлын эхэнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай" хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
Гаднын зээлийг оновчтой салбарт авах нь зүйтэй. Тухайлбал уул уурхайн салбарт ДНБ-ий 33, 34 хувийг бүрдүүлдэг, экспортын 90 ээс илүү хувийг бүрдүүлж байгаа мөртөө ажлын байрны тавхан хувийг бүрдүүлж байгаа шүү дээ. Ажлын байр гэдэг бол их чухал болчихсон. Тэгэхээр, ажлын байрыг бий болгодог үйлдвэрлэлийн салбарт ялангуяа ЖДҮ-ийн салбарт урт хугацаатай бага хүүтэй зээл ус агаар шиг хэрэгтэй байгаа.
Махны асуудал яваад байгаа юм уу. Малчин өрхийн платформ ч гэх шиг хачин юмнууд юу хийцгээгээд байх юм. Үйлдвэрлэлийн салбар, ажил бий болгодог, өсөлт бий болгодог салбаруудтай болмоор байгаа юм. Энэ төслийн үр ашгийг дээшлүүлэх, төслийн дотоод өгөөж нь 18,7 хувь байна гэж байна. Үүнийг хэрхэн тооцдог юм бэ?
Олон улсын тэгш байдлын индекс IRI. Үүнийг манайхан бүртгэдэг юм уу. Зам хүлээж авахдаа ашигладаг юм уу. Хэчнээн хувьтай байдаг юм. Хүлээж авсан дарханы зам дээр IRI хэд байдаг юм, бусад ашиглалтад оруулж байгаа IRI нь хэд байна. Монгол Улс IRI үзүүлэлтээр ямар байдаг юм. Үүнийг хэлнэ уу?
Мөн гаднаас зээл авахаар төслийн нэгж гээд баахан гаднын улсууд ирээд суучихдаг. Ямарваа нэгэн төсөл хэрэгжүүлэхэд ямар зардал гарах юм. Тоонууд зөрөөтэй байна. Тухайлбал, гадаад өрийн хэмжээ ДНБ-д 2024 онд 42,7 хувь байна гэх. Аль хэдийн 60 хувь болчихсон ийм тоонуудаа сайн үзэж харахгүй бол гаднын юмыг учир утгагүй маш муу орчуулаад, бодлогогүй юм орж ирэх юм. Үүнийгээ засах шаардлагатай.
Түүний асуултад ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан