Ё.Баатарбилэг: ТЭЗҮ, зураг төсөл боловсруулна гэж мөнгөний цавчаа хийдгээ болихгүй юмуу
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг Дэлхийн банкны группийн Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам долларын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Уг санхүүжилтээр “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хоёр чиглэлийн асуулт байна. Сангийн сайдаас асууя. 100 сая ам.долларын эргэн төлөлт нь жил жилээрээ төлөгдөөд явах байх. Улсын төсвөөс эргэн төлөлт хийгдэх юмуу, нийслэлийнхээ төсвөөс явах юмуу? Яагаад гэвэл олон улсын хөнгөлөлттэй зээл, тусламжууд хүү нь бага болохоор аваад тулгамдсан асуудлуудаа шийдэж явах нь зөв гээд том том зээл авдаг. Үүнийхээ эргэн төлөлтийн асуудлыг Сангийн яам яаж тооцож байна?
Хоёрдугаарт, 420 тэрбумийг нийслэлд шийдэж өгсөн нь дөнгөж 2022 оноос эхлүүлэх гэж байна. ахиад цаана нь 100 сая ам.доллар буюу 300-гаад сая төгрөгний асуудал босч ирж байгаа юм байна. Түрүүчийн 420-иороо юу хийхээ тодорхойлж шийдсэн юм байгаа юмуу? Өмнөхөө хийж байтал мөнгө нь дутчихсан, энэ мөнгийг авчихвал гүйцээнэ гэвэл нэг хэрэг. Улсын төсөвт тавьсан тэр их мөнгөн дүнг түгжрэлийг бууруулахтай холбоотой цогцоор нь шийдэж батлаад, ажлаа эхлүүлээд явж байгаа цаг хугацааны асуудлууд одоохондоо байхгүй байгаа. С.Бямбацогт гишүүний асуусантай санал нэг байна.
Үндсэндээ 81 сая ам.доллараар 20-30 км замыг заримыг нь засч сайжруулна, 17-18 км зам өргөтгөх асуудал л байх юм. Төсөвт өртөг нь яасан ч мундаг том юм. Дээр нь нийтийн тээврийн системийн шинэчлэл гээд 9 тэрбум төгрөг. Дотор нь бодитой юм алга байна. Дандаа автобусны буудлууд засна, сайжруулна гэсэн юмнууд байх юм?
Зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлага, чадавх бэхжүүлэх гээд баахан зураг төсөв, ТЭЗҮ боловсруулах 10 сая ам.доллар буюу 27-28 тэрбум төгрөг. Өмнө цаг хугацаанд замуудынхаа тооцоо судалгааг хийчихсэн, ТЭЗҮ-г боловсруулчихсан бэлэн байдаггүй юмуу?
Мөнгө орж ирж байгаа юм чинь гээд ахиад баахан цаас үйлдвэрлэх юм болоод байх шиг байна. Улс орны эдийн засаг чинь туйлаад байхаар санхүүгийн боломжтой байгаад байна уу? Эсвэл нийслэлийнх тэгэж их халгиж цалгиад байгаа юмуу? Үүнд маш тодорхой хариулт авмаар байна. төсөвт өртөг юмнуудаа эргэж хараад үнэхээр ийм тооцоо гараад байгаа юмуу? Бараг 3-4 сая ам.доллараар 1 км зам засах, өргөтгөх асуудал яригдаж байна. Шинээр тавих гээгүй. Тэр автобусны буудлууд гэдэг чинь ямар учиртай юм бэ? Ухаалаг автобусны буудал гэнэ үү?
Гуравдугаарт, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах судалгааны ажил гээд ингэж мөнгөний цавчаа хийдгээ болихгүй юмуу? Энэ 100 сая ам.доллар зайлшгүй чухал байгаа юмуу, үгүй юмуу?
420 тэрбумаараа ажлаа эхлүүлж чадаагүй байгаа. Зээл, тусламж өрийн тааз чинь хүндрэлтэй байна. Ковидын нөхцөл гээд бид нар сургууль, цэцэрлэг барих мөнгөндөө хүртэл таталдаад 1-2 тэрбум төгрөгийг улсын төсөвт яаж суулгах вэ гээд махаа идэж суухад 300 тэрбум төгрөгний асуудал цацаж байгаа юм шиг л оруулж ирэх юм. Үүнд хариулт авья.
Ё.Баатарбилэг гишүүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.