Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт агаарын зам дамжин өнгөрдөг
2023.03.17

Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт агаарын зам дамжин өнгөрдөг

УИХ-ын хаврын чуулганы /2023,03,17/-ны өдрийн хуралдаанаар “Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Тус хуулийн төслийн танилцуулгыг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Харин АБГББХ-ны танилцуулгыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан танилцуулсан юм.

Монгол Улс нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын гишүүний хувьд тус байгууллагын бодлого, стандарт, зөвлөмжийг хэрэгжүүлэх, үл тохирлыг мэдээлэх, аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудитад хамрагдах, гишүүнчлэлийн хураамж төлөх зэргээр “оролцогч” улсын байр суурийг хадгалж байна. Монгол Улс бодлого тодорхойлох түвшинд оролцох, Зөвлөлийн бүрэлдэхүүнд Ази тивээс орсон 6 улсын төлөөллийг өргөтгөх санаачилгад өөрийн орны хувь нэмрийг оруулж, ирээдүйд Зөвлөлийн гишүүнээр сонгогдох үйл хэрэгт түлхэц болгох зорилгоор “Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах протокол”-ыг соёрхон батлах нь зүйтэй гэж үзэж байна.

Дэлхийн агаарын тээврийн тэргүүлэгч орнууд болох ОХУ, БНХАУ-ын дунд байрлалтай манай улсын нутаг дэвсгэр дээгүүр Ази, Европ тивийг холбосон хамгийн дөт агаарын зам дамжин өнгөрч байна. Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр нь гуравдагч оронтой богино хугацаанд шууд холбогдох онц чухал ач холбогдолтой салбар бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоноор бүс нутгийн агаарын навигацийн гол түшиц орон зай болох, олон улсын нисэх буудлын ашиглалтыг сайжруулах, агаарын тээвэр өргөжин хөгжихөд ач холбогдолтой юм

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn