2019.09.12

Б.Баттөмөр: Олдсон зээл бүрийг аваад байвал өрийн "хавх"-нд орно шүү

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаан 17 цаг 20 минутад эхэллээ.

Хуралдаанаар  Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.


УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

Зээлийн хэлэлцээрийг зарчмын хувьд дэмжиж байна. Энэ зээлүүд хугацаа боломжийн, хүү багатай. Нэг улсаас бус олон улсаас хамааралтай учраас Монгол улсын үндэсний аюулгүй байдалд харшлах зүйлгүй учраас дэмжиж байгаа юм. Эдгээр зээлүүдийг зарцуулах асуудлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлэх хэрэгтэй байна. Ингэхгүй болохоор зээлийн ач холбогдол сайнгүй байгаа юм. Хөгжлийн урт хугацааны хөтөлбөртэйгээ уялдуулж зээлийг авах нь чухал юм. Мөн зээлд хязгаар гэж байгаа. Олдсон зээл бүрийг аваад байвал өрийн "хавх"-нд орно. Монгол улсын нийт өр 30 орчим тэрбум доллар болсон байгаа.Сүүлийн жилүүдэд Засгийн газрын өр тууштай буурч байгаа нь сайн үзүүлэлт. Гэхдээ нийт өр буурахгүй байгаа. Үүнийг хэрхэн бууруулах вэ? Яагаад гэвэл энэ өр ханшид маш их нөлөөлдөг.