2018.10.23

Улаанбаатар хотод ялгарч буй хүлэмжийн хий (С02)-н хэмжээг бууруулна

2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын "Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл"-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталсан.

Уг төслийг хэрэгжүүлснээр хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээг шинэчлэхийн зэрэгцээ хог хаях цэгүүдийн хүчин чадлыг дөрвөн сая тонноор нэмэгдүүлэх юм байна.

Мөн Улаанбаатар хотод ялгарч буй хүлэмжийн хий (С02)-н хэмжээг бууруулж, 100 мянган тонн гаруй барилгын хог хаягдлыг олон улсын жишигт нийцүүлэн ангилж боловсруулан дахин ашиглах боломжтой болно.

Төслийг хэрэгжүүлэхэд:

- Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас 4.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно.

- Монгол улсын Засгийн газарт 9.7 сая ам.долларын зээл олгоно.

- 1.5 сая еврогийн техник туслалцааны санхүүжилт олгоно.

- Зээлийн хугацаа: 15 жил

- Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 3 жил

Энэхүү төслийн хүрээнд зээлийн санхүүжилтийн хамт олгож буй буцалтгүй тусламжийн санхүүжилтийг оруулан тооцоолоход зээлийн хөнгөлөлтийн түвшин /ОУВС-ийн тооцооллоор/ 43.06 хувь байгаа нь нэн хөнгөлөлттэй зээлийн ангилалд хамаарч байна.

“Улаанбаатар хотын хүн амын өсөлтөөс хамааран үүсэж буй хог хаягдлын хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, ойрын ирээдүйд хогийн цэгүүд дүүрэх, даац хэтрэхээр байна. Мөн барилга, байгууламжийн нураалтын хог хаягдал зохицуулалтгүй хаягдаж, цаашид хуучны барилга байгууламжуудыг нураахад хатуу хог хаягдлыг дахин боловсруулж барилгын материал дахин үйлдвэрлэх, байгаль орчны бохирдлоос сэргийлэх шаардлага үүсээд байна.” 
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Н.Энхболд: 

Иймээс энэхүү төслийн хүрээнд Евролын холбооны стандарт шаардлагыг хангах, хатуу хог хаягдлыг булшлах цэг ("ландфил") болон барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барихаар төлөвлөж байгаа.

Мөн хатуу хог хаягдлын салбарт нэгдсэн тариф нэвтрүүлэх, барилга болон барилга нураалтын хог хаягдлын менежментийн зохицуулалтыг бий болгох ажлууд төслийн хүрээнд хийгдэнэ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

“Хог хаягдлын төсөлтэй холбоотой тодорхой хэмжээний мөнгө Монгол улсад орж ирдэг. Мөн хогийн цэгт амьдардаг хүмүүс их байна. Энэ яг хичнээн хэмжээний хүн байна вэ? Тэднийг нийгэмшүүлж, амьдралыг нь дээш нь татаж өөрчлөлт хийх цаг болсон." 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан

“Уул уурхайгаас гарч байгаа хог хаягдал, Prius машины хаягдал их байна. Эдгээрийг Булах аргаар хийнэ. Харин санхүүжилт, зээлийн хувьд 100 хувь барилгад орох мөнгө. Хогоо шууд булахгүй, шинэ технологоор ялгаж булах нь хамгийн зөв.” 

Засгийн газар, холбогдох байгууллагууд төслийг шуурхай, үр өгөөжтэй хэрэгжүүлэхэд анхаарах, мөн хог хаягдлыг ангилж ялгах, дахин боловсруулах менежментийг сайжруулах, орчин үеийн техник, технологийг нутагшуулах замаар хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч гаргаж авах, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч холбогдох журам зааврыг яаралтай гаргаж мөрдүүлэх шаардлагатайг онцолж байсан юм.

Ц.Соёлмаа