2019.12.30

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах санхүүжилтийн зээлийн хэмжээг нэмэгдүүллээ

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон баталсан юм. 

Энэхүү  

  • Зээлийн хүү жилийн 1,75 хувь, 

  • Зээлийн хугацаа 20 жил, 

  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил байх юм. 

Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллароос дээш дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байхаар баталсан.

Монгол Улсын Засгийн газар 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтоод байсан. 

Энэхүү нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг 2017 оноос хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниар шалгарсан БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компанийн боловсруулсан төслийн техник-эдийн засгийн үндэслэлээр газрын тос боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардал нийт 1 тэрбум 236 сая ам.доллар байхаар тооцоо гарсан.

Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн Газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2019 оны 10 дугаар сарын 09 өдөр нэмэлт 236 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулаад байна.

Нэмэлт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурав.

Тиймээс зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуулийн дагуу УИХ-ын нэгдсэн чуулганаар соёрхон батлах шаардлагатай болсон тул Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр УИХ-ын даргад өргөн бариад байсан юм.

Хуулийн төсөл өргөн барив.

Хуулийн төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороогоор хэлэлцэн дэмжиж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар соёрхон баталлаа. 

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулж байгаа бөгөөд үйлдвэрийн гадна дэд бүтцийн ажлыг 2018 оны 2-р сард эхлүүлж, 17.5 км хүнд даацын авто зам, 27 км төмөр зам, 3.7 км холбоос зам, төмөр бетон гүүр, нүхэн хонгил болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэд станцын хамт бариад байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсгийн танилцуулснаар одоогоор манай улсад газрын тосны бүтээгдэхүүний 332 сая тонн баталгаат нөөц байна гэсэн тооцоо судалгаа гарчээ. Харин улсын хэмжээнд жилдээ 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэтхэг Улсын зээлээр барихаар төлөвлөж буй газрын тосны үйлдвэр нь нэг жилд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай бөгөөд үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос бүрэн хангах бололцоотой гэж салбарын яам үзэж байгаа аж. 

Технологийн хувьд олон улсад түгээмэл хэрэглэж байгаа нүүрстөрөгчөөр задлах технологийг ашиглах агаад энэ нь газрын тосны бүх төрлийн бүтээгдэхүүнийг задалж шингэн бүтээгдэхүүн болгодог, тунгалаг бүтээгдэхүүний гарц өндөртэй технологи юм байна.

Ц.Соёлмаа