Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулав
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.24) хуралдаан
2017.05.24

Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг түр хойшлуулав

Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаархи хууль санаачлагчийг илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм.

 Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан. Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь жилийн 1,75 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай агаад үүнээс эхний таван жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Харин төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллароос дээших дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх аж.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрийн “...төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг...” гэснийг “...аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг...” болгож нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцжээ. Зээлийн ерөнхий хэлэлцээрт оруулах энэхүү нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, Улсын Их Хурлын Эдийн засаг, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн хуралдаанаар зөвшилцсөн. Энэ үндсэн дээр Сангийн сайд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд гарын үсэг зурж байгуулжээ. Иймээс Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтын дагуу Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан байна.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Оюундарь, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр нар Сангийн сайд болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан юм. Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, зээлийг Монгол Улсын 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөлөлд тооцож оруулж ирсэн, ойрын таван жилийн өрийн хязгаарт багтаж байгаа.

Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтсон. Иймээс өмнөх Засгийн газрын үед байгуулсан гэрээнд нэмэлт оруулж, хэрэв зээлийн үлдэгдэл хөрөнгө гарвал экспортод чиглэсэн салбарт эх үүсвэрийг зарцуулахаар ойлголцож тохиролцсон. Одоогоор газрын тос боловсруулах үйлдвэрийн урьдчилсан ТЭЗҮ хийгдсэн, эхний ээлжинд зөвлөх компаниа сонгон шалгаруулсны дараа нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулах юм гэдгийг хэллээ.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал газрын тосны үйлдвэрийн асуудлаар яаманд ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Эхний шатны урьдчилсан ТЭЗҮ-ээр газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншандад барихаар төлөвлөсөн, энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийгдэж байршлын талаархи хэд хэдэн хувилбарыг гарган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ гэсэн хариулт өгөв.

Тус яамны ажлын хэсгийн танилцуулснаар одоогоор манай улсад газрын тосны бүтээгдэхүүний 332 сая тонн баталгаат нөөц байна гэсэн тооцоо судалгаа гарчээ. Харин улсын хэмжээнд жилдээ 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэтхэг Улсын зээлээр барихаар төлөвлөж буй газрын тосны үйлдвэр нь нэг жилд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай бөгөөд үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос бүрэн хангах бололцоотйо гэж салбарын яам үзэж байгаа аж. Технологийн хувьд олон улсад түгээмэл хэрэглэж байгаа нүүрстөрөгчөөр задлах технологийг ашиглах агаад энэ нь газрын тосны бүх төрлийн бүтээгдэхүүнийг задалж шингэн бүтээгдэхүүн болгодог, тунгалаг бүтээгдэхүүний гарц өндөртэй технологи юм байна.

Гэвч салбарын чухал асуудал хэлэлцэж байхад сайд, дэд сайд нар нь Байнгын хорооны хуралдаанд ирээгүй, гишүүдийн асуултад ажлын хэсэг хангалттай хариулт өгч чадахгүй байна гэж үзээд салбарын сайдыг байлцуулж байж асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлууллаа.