2020.12.01

Б.Бейсен: Баян-Өлгийн 47 оюутныг нэгдсэн журмаар нутаг буцааж болоогүй юм уу

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2020.11.30/ хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг  соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/-ийн талаар хэлэлцлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүд цаг үеийн асуудлаар холбогдох хүмүүсээс асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Ер нь зарим зохион байгуулалтын асуудал муу байна. Тухайлбал өчигдөр орон нутаг явах хүмүүсээс шинжилгээ авч байгаа байдлаас харж болно. Агаар дуслаар халдвар дамжина гээд байхад л хүмүүсийн бөөгнөрөл үүсгэж байна. Ийм байдал гаргасан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ?

Өчигдөр Баян-Өлгий аймгаас ирсэн 47 оюутан шинжилгээ өгөөд буудлаас гарсан байна. Гэтэл зарим оюутан байх айлтай, зарим нь айлгүй хэцүү нөхцөлд байна. Оюутнуудын эцэг, эх нь хүүхдүүддээ зээл аваад хот руу авчирсан байгаа. Хөл хориог нь дуусгаад дуртай газраа оч гээд зочид буудлаас нь гаргаад явуулсан байна. Эдгээр оюутан халдвар авах эрсдэлтэй боллоо. Эдгээр иргэдийг нэгдсэн журмаар нутаг буцааж болохгүй байсан юм уу?