2022.06.29
Н.Наранбаатар: Монгол Улсын нэг хүн бүрт ногдох өрийн хэмжээ хэтэрлээ
УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны /2022.06.29/-ний өдрийн хуралдаанаар Монгол улс, Азийн хөгжлийн банк хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр (2022-2023 оны зээлийн төлөвлөгөө)-ийн төслийн талаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
Азийн хөгжлийн банкнаас 2 жилийн хугацаанд 655 сая долларын зээл авах хэлэлцээрийг батлуулах гэж орж ирж байна. Энийг дэмжихгүй. Монгол улсын өр 96 их наяд хүрсэн. Нэг хүнд ногдох өр 28 сая төгрөг болсон. 655 сая доллар буюу 2 их наяд төгрөгийн зээл нэмж авах гээд байна. Зээл авахад төвөгтэй байна. Байнгын хороогоор 4-5 удаа, чуулганаар 1 удаа орж 8-12 сар болдог. Энийг хөнгөвчилье гэсэн байна. Зээл авна гэдэг хамгийн ил тод, зориулалт нь тодорхой, олон шалгуураар орох зүйл. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал.
Ямар зориулалтаар энэ зээлийг авах гээд байгаа нь харагдахгүй байна. 655 сая долларын 270-ыг нь энэ онд, 385 сая долларыг ирэх жил авна гэнэ. Юунд зарцуулах вэ. Өмнөх зээлүүдийг харахад халамж руу өгдөг. Эргэж нөхөгддөггүй бүтээн байгуулалт руу өгдөг, төсвийн алдагдлыг нөхдөг ийм байдлаас болоод зээл, өр замаа алдлаа.
Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Зээлийг эргээд үг ашгаа өгөх бүтээн байгуулалт, төсөлд зарцуулах нь зүйтэй
Хөнгөлөлттэй ийм зээлийг алдаж болохгүй гэж байна. Уг нь бид өмнө авсан зээлээрээ боомтуудаа хөгжүүлсэн бол нэвтрэх чадвар нь өнөөдөр аминд орох байсан. Цахилгаан станцаа барьсан бол өнөөдөр Оюутолгой жилдээ 150-200 сая долларыг цахилгааны төлбөр гэж Хятадад өгч байна. Энэ үлдэх байсан. Хулгайчид биш “Хөх морь” төслөө хэрэгжүүлсэн бол говь нутаг өнөөдөр цөлжилтгүй, том бүтээн байгуулалт хангагдаад явж байх байсан. Ингээд дахиж зээл авахгүй байх талаар ярих байсан. Үнэндээ энэ зээлийн зарцуулах зориулалт тодорхой бус орж ирж байна. Хэрвээ энэ зээлийг авбал цаашдаа боомтуудаа хөгжүүлэх, говь руу ус татах том бүтээн байгуулалтаа эхлүүлэх, эрчим хүчний хараат биш болох, үйлдвэрүүдээ хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зүйл рүү зарцуулах хэрэгтэй.