2022.12.30
Эдийн засагт үүсээд буй инфляц, төлбөрийн тэнцлийн сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжлэг үзүүлэх зээл авна
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталлаа.
Хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан танилцуулав.
Хуулийн төсөл нь 1 зүйлтэй байх бөгөөд тус зүйлд Монгол Улс, Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк хооронд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан.
Уг хуулийн төслийг баталснаар нийгэм, эдийн засаг, хууль зүйн аливаа сөрөг үр дагавар байхгүй бөгөөд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засагт учраад буй сөрөг шокийн үед нийт хүн ам, тэр дундаа эмзэг, ядуу иргэдийн өртөмтгий байдал, Монгол Улсын эдийн засагт үүсээд буй инфляц, төлбөрийн тэнцлийн сөрөг нөлөөллийг бууруулахад дэмжпэг үзүүлэх бөгөөд цаашид тус хөтөлбөрийн хүрээнд олгох зээлийн хөрөнгө нь гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх болон төсвийн тусгай шаардлагыг хангахад чухал ач холбогдолтой гэж Засгийн газраас үзжээ.