2021.10.14
Ц.Туваан: Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хичээл зүтгэлийг бид үнэлэх ёстой
УИХ-ын нэгдсэн хуралдаан
Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Туваан асуулт асуулаа.
Өнөөдөр нөхцөл байдал амаргүй байгаа. Энэ үед эрүүл мэндийн салбарын 56 мянган ажилтан ар гэрээ умартан зүтгэж байна. Тэд нарын хичээл зүтгэлийг бид үнэлэх ёстой. Удирдлагын түвшинд баталж өгсөн хууль, санхүү мөнгийг үр дүн гаргаж ажиллаж чадахгүй байна. Хичээж ажиллах хэрэгтэй.
Зардлын тайланг цаасаар авах хүсэлтэй байна. Өмнө нь авсан вакцины төлбөрийг энэ зээлээр хаана гэж ойлголоо. Ямар үнэтэй, хэдэн тун вакцины үнийг хаах гэж байгаа вэ?
Манайд дөрвөн төрлийн вакциныг тарьж байгаа. Энэ вакциныг тариулсан хүмүүс халдвар авсан гэх хувь, тоо байна уу? Нас баралтын тоог өдөр өдөртөө гарч байгаа. Энэ тоо баталгаатай юу? Өнгөрсөн жилийн нас баралтаас хэдэн хувиар өссөн, буурсан гэх тоо баримт байна уу?
ПСР шинжилгээ авах газар олдохгүй байна гэж гомдол их ирж байна. Түргэвчилсэн оношилгоо өндөр үнэтэй байна гэж байна. эрүүл мэндийн сайд яг энэ үнийн талаар мэдээлэл байна уу?
Мөн Б.Жавхлан сайдаас асуух асуулт байна. Монгол Улсын өрийн таац яг хэдэн хувьтай байна вэ? Ирэх оны төсөв дээр 70-тай байхаар оруулсан байна. Яг өнөөдөр хэдтэй байна вэ?
Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд, Сангийн сайд Б.Жавхлан хариулав.