2019.12.02
МУЗГ, БНЭУ-ын Экспорт-импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Монгол Улсын засгийн газар, Бүгд найрамдах Энэтхэг улсын экспорт импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
Хэлэлцээрт 2019.10.09-ний өдөр гарын үсэг зурсан байна.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулж байгаа бөгөөд үйлдвэрийн гадна дэд бүтцийн ажлыг 2018 оны 2-р сард эхлүүлж, 17.5 км хүнд даацын авто зам, 27 км төмөр зам, 3.7 км холбоос зам, төмөр бетон гүүр, нүхэн хонгил болон цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэд станцын хамт бариад байна.
Төслийн ТЭЗҮ-ийг Энэтхэгийн “Инженерс Индиа Лимитэд” компани боловсруулж, хөрөнгө оруулалтын зардлыг 1.235.989 сая ам доллар гэж тооцоолсон тул өмнөх хэлэлцээрийн 1.0 тэрбум ам долларын зээлээс гадна 235.989 сая ам долларын санхүүжилт шаардлагатай болсон байна. Монгол Улсын Засгийн газраас нэмэлт санхүүжилтийн эх үүсвэрийн талаар Энэтхэгийн Засгийн газарт хандсаны дагуу дээрх зээлийг олгохоор болсон юм.