Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг батлав
УИХ-ын өнөөдрийн \2020.10.29\ нэгдсэн чуулганаар Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.
Коронавирусын халдвар (КОВИД-19)-ын халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах, эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр багц арга хэмжээг хэрэгжүүлж, улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байна.
Ийм үед Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөрийг баталж, 2020 оны 4 дүгээр сараас гишүүн орнууддаа тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ.
Энэ хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй КОВИД-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжихэд зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах талаар тус банктай тохиролцож, Монгол Улсын Засгийн газар болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг байгуулжээ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн жилийн хүү 1.1 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь байх нөхцөлтэй юм байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Ц.Өнөрболор нар асуулт асууж саналаа хэллээ. Ингээд хуулийн төслийг гишүүдийн 52,5 хувь нь дэмжиж батлагдлаа.