Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ
Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцэв.
Коронавирусын халдвар (КОВИД-19)-ын халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газраас эмнэлгүүдэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг худалдан авах, эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих чиглэлээр багц арга хэмжээг хэрэгжүүлж, улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байна.
Ийм үед Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас КОВИД-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах үйл ажиллагаанд зориулан 10 тэрбум ам.долларын санхүүжилтийн хөтөлбөрийг баталж, 2020 оны 4 дүгээр сараас гишүүн орнууддаа тус хөтөлбөрөөс хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ.
Энэ хүрээнд Монгол Улсын хэрэгжүүлж буй КОВИД-19 цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааг дэмжихэд зориулан 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах талаар тус банктай тохиролцож, Монгол Улсын Засгийн газар болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)-ийг байгуулжээ.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 16 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил, зээлийн жилийн хүү 1.1 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь байх нөхцөлтэй юм байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд, Н.Алтанхуяг, Т.Доржханд нар Сангийн сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улс 2014 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч орон болж орсноос хойш ямар нэг зээл аваагүй.
Тус банканд манай улс 0.3 хувийн саналын эрхтэй бөгөөд хувь хэмжээнд ногдох нийт 8.2 сая ам.долларыг таван жилийн хугацаанд тав хувааж төлж барагдуулсан. Засгийн газар урт хугацаатай, бага хүүтэй зээлийн эх үүсвэрийг чухалчилж байгаа. Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны өрийн менежментийг хэрэгжүүлж ажиллаж байна.
2016 онд Засгийн газрын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 78.8 хувь байсан бол 2020 оны 9 дүгээр сарын байдлаар 57.2 хувь болж буурсан. Өрийн таазыг хуульд заасан босгоос хэтрүүлэхгүй байх зарчмыг мөрдөж байгаа, одоогоор 57.1 хувьтай, цаана нь 12 хувийн нөөц байна гэдгийг хэллээ. Мөн өндөр хүүтэй, богино хугацаатай бондыг нэг ч удаа аваагүй, арилжааны банкуудаас ч зээл аваагүй гэдгийг тодотгож байв.