Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
2017.07.05

Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хэрэгжүүлэх ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, мөн Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг өнөөдөр (2017.07.05) өргөн мэдүүлэв.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан ”Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн 1.3.7, 2.3.2 дугаар зорилтыг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бүтцийн өөрчлөлт хийх, банкуудын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ингэхдээ чанаргүй зээлийг шийдвэрлэх механизмыг нэвтрүүлэх, хяналт тавих механизмыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх, шаардлагатай санхүүжилтийн хэмжээг нөхөхөд чиглэж байгаа аж.

Хөтөлбөрийн хүрээнд банкны салбарыг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, чанаргүй зээлийг шийдвэрлэх зорилго бүхий активын удирдлагын компанийг байгуулах, банкуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоог нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулах, банкны хяналт, шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг нийт 12 бодлогын арга хэмжээг 1 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

Харин Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр 2”-ийн гол зорилго нь Улсын Их Хурлаар 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрийг зорилтот бүлэг рүү чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөхөд чиглэгджээ. Хөтөлбөр нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилтийн багцын нэг хэсэг юм.  

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг илүү үр дүнтэй болгох, зорилтот бүлэг рүү чиглүүлэх, зорилтот бүлэгт чиглэсэн өрхийн нэгдсэн мэдээллийн баазыг шинэчлэх зэрэг нийт 18 бодлогын арга хэмжээг 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.

Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх бодлогын эдгээр зээллэгийн хөтөлбөрүүдийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэн дэмжсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв