Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах төслийг өргөн барилаа
2021.10.01

Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжсэн Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.01) өргөн барилаа.

Монгол Улсын Засгийн газар Коронавируст цар тахал (Ковид-19)-аас урьдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, даван туулах чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас чанар, аюулгүй байдлыг судлан баталгаажуулж, урьдчилан зөвшөөрөл олгосон вакцинаас Монгол Улсад импортлох, вакциныг хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг ард иргэдээ вакцинжуулахад шаардлагатай үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хөгжлийн түншүүдтэй яриа хэлэлцээ хийж, баталгаажуулаад байна.

Монгол Улсын Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын Эдийн засгийн, Төсвийн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны санал, дүгнэлтүүд, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг үндэслэн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (АДБХОБ)-ны 21.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрт 2021.07.21-ний өдөр гарын үсэг зуржээ.

Энэхүү төслийн санхүүжилт нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд байгуулж, Улсын Их Хурлаас соёрхон баталсан “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд АХБ-тай хамтран хэрэгжүүлж эхлээд буй “КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл’’-ийн хамтарсан санхүүжилт юм.

Төслийн хүрээнд ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшеөрөл авсан, эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн Ковид-19-ийн эсрэг вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх бөгөөд АДБХОБ-ны эх үүсвэрийн 50 хүртэл хувиар БНХАУ-ын “Вероселл” вакциныг худалдан авсан зардлыг нөхөн санхүүжүүлэх ажээ.

Зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн 6 сарын жишиг хүү дээр хувьсах тархалтын хувь (0.63%)-ийг нэмсэнтэй тэнцүү байх ба хөрөнгө баталгаажуулсны төлбөр 0.25% байх юм.