Улаанбаатараас зарим аймгийг холбосон 361 км улсын чанартай автозам, бетон гүүрийн засвар хийгдэнэ
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр (2023.11.29) Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай:
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 56 дугаар тэмдэглэл, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 19, 27-ны өдрийн хуралдааны санал, дүгнэлт болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот захирамжийг үндэслэн Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт Сангийн сайд Б.Жавхлан 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурсан.
Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босгол, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр нь Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасны дагуу гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаарх олон улсын гэрээ тул Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлуулах шаардлагатай.
Хуулийн төсөл нь 1 зүйлтэй бөгөөд тус зүйлд Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон батлахаар тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар Улаанбаатар-Арвайхээр, Арвайхээр-Баянхонгор, Хархорин-Цэцэрлэг, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Улаанбаатар-Өндөрхаан, Өндөрхаан-Чойбалсан, Булган-Мөрөн чиглэлийн нийт 361 км улсын чанартай автозамын ээлжит болон их засварын ажил, мөн Хэнтий аймгийн Хэрлэн гол, Өвөрхангай аймгийн Орхон орхон гол, Архангай аймгийн Тамир, Гичгэн, Хануй, Бэлх, Төв аймгийн Лүн, Түргэний төмөр бетон гүүрийн засварын ажлыг хийхээр төлөвлөсөн гэж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.