2019.09.12

Б.Бат-Эрдэнэ: Зээлийн бодлого Монгол улсын урт хугацааны бодлоготойгоо уялдах ёстой

УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн /2019.09.12/ нэгдсэн хуралдаан 17 цаг 20 минутад эхэллээ.

Хуралдаанаар  Засгийн газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Уур амьсгалын ногоон сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ төслөөр Төлбөрийн чадварт нийцсэн, байгаль орчинд ээлтэй 10,000 өрхийн орон сууцыг барих, гэр хорооллыг дахин төлөвлөх хөтөлбөрийг дэмжих, ногоон байгууламжийг бий болгох, ингэснээр агаар болон хөрсний бохирдлыг бууруулж, гэр хорооллын иргэдийн амьдрах орчныг сайжруулна гэж төслийн танилцуулгад дурджээ. Уг төслийг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр"-ийн 1, 2 дугаар үе шаттай уялдуулан Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа, Дэнжийн мянга дэд төвүүдэд хэрэгжүүлэх урьдчилсан төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.  


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

"Нийслэлийн иргэдийг орон сууцжуулах асуудал бол маш чухал байгаа. Танилцуулгаас харахад ипотекийн зээлтэй зэрэгцүүлээд түрээсийн орон сууж, орлогод нь нийцүүлэн орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зээлийн хэлэлцээрийг оруулж ирж байгаа юм байна. Тиймээс энэ зээлийн хэлэлцээрийг дэмжиж байна. 

Ер нь цаашдаа орон сууцыг түрээслүүлэх ямар ажлууд хийх гэж байна вэ? Нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа бодлогоос гадна хувийн хэвшлийн компаниудын барьсан барилгыг түрээслүүлэх бодлого байна? мөн ажлын байрыг нэмэгдүүлэх талаар Засгийн газар, Нийслэлээс авч байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгөөч. 

Ер нь зээлийг урт хугацааны бодлоготойгоо уялдах ёстой гэж гишүүд хэлж байна. Энэ их чухал шүү. Орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?