Ж.Ганбаатар: Улс оронд үүссэн эдийн засгийн асуудлыг даван туулах хүн байгаасай
2025.06.06

Ж.Ганбаатар: Улс оронд үүссэн эдийн засгийн асуудлыг даван туулах хүн байгаасай

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дараагийн Ерөнхий сайдыг улс оронд үүссэн эдийн засгийн нөхцөл байдлыг даван туулах чадвартай хүн байгаасай хэмээн хүсэж байна гэдгээ хэллээ. 

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж буй. Хуралдаанаар дараагийн Ерөнхий сайдын асуудлыг бус намын бага хурлын товыг хэлэлцэнэ гэж хуралдаанд оролцохоор ирсэн улс төрчид хэлж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Би УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга удаан хийсэн, эдийн засагч хүний хувьд хэлэхэд эдийн засагт анхаарсан, улс оронд үүссэн эдийн засгийн нөхцөл байдлыг даван туулах хүн байгаасай гэж хүсэж байна. Иргэдийн худалдан авах чадвар буурч байна, ам.долларын ханш өсөж байна, өмнөх онуудтай харьцуулахад экспорт буурч байна. Эдгээрийг шийдвэрлэсэн, аж ахуйн ажил руу хандсан, олон том ажил ярихаас илүү хийж байгаа ажил нь хүнд харагдсан хүн байгаасай гэж бодож байна" гэлээ.