Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2024.01.11

Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы /2024,01,11/-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хуулийн төслийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Төмөр замын тээврийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг тус тус баталсан. Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна.” гэж заасан.

Уг агентлаг нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд суурь бүтэц эзэмшигчийн хооронд, суурь бүтэц эзэмшигч болон тээвэрлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, галт тэрэгний хөдөлгөөнийг захирамжлан зохион байгуулах чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага юм. Гэвч Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын төсөвт 2024 оны төвлөрүүлэх орлого, зарлагын бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Төмөр замын газар” байгуулах асуудал тусгагдаагүй болно.

Иймд дээрх агентлаг нь 2024 онд байгуулагдахгүй болсон тул Төмөр замын тээврийн тухай хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг “2024 оны 01 дүгээр сарын 01-ний” гэснийг “2025 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж , Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "2023 оны 12 дугаар сарын 31-ний" гэснийг "2024 оны 12 дугаар сарын 31-ний" гэж, 5 дугаар зүйлийн "2024 оны" гэснийг "2025 оны" гэж тус тус өөрчлөхөөр санал боловсруулсныг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ЭЗБХ-ны санал дүгнэлтийг танилцууллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn