Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар санал солилцов
2022.08.11

Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар санал солилцов

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ЗТХ-ийн сайд Л.Халтар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-ийн Монгол улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болж, хэлэлцсэн ажлын үр дүн удахгүй гарна гэдэгт итгэлтэй байгааг дурдав.

Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хилийн төмөр замыг холбох тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан нь хоёр улсын хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдгийг хэллээ.

Уулзалтаар хоёр улсын хооронд шинээр байгуулах төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах, Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.