Ц.Цогзолмаа: Хэрэгцээ хязгааргүй боловч төсөв хязгаарлагдмал
Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа асуулт асуулаа.
Ц.ЦОГЗОЛМАА: 2017 ОНЫ ТӨСВИЙН ҮЛДЭГДЛИЙГ ЮУНД ЗАРЦУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА ВЭ?
Монгол орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй цаг үе ирсэн. Гэхдээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд хасах үзүүлэлттэй эдийн засгийг авч, бүхий л нөөц бололцоогоороо засч сайжруулахын төлөө ажилласан. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар тодорхой зүйлүүд нааштай болж эхэлсэнд хувь хүнийхээ хувьд талархалтай байна.
ОУВС-гийн хөтөлбөрийн хэрэгжилтийг цааш нь үргэлжлүүлээд явахад багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэх асуудлыг яаж зохицуулж авч явах бололцоо байгаа вэ? Магадгүй 2017 оны төсвийн жилийн эцсийн байдлаар тодорхой хэмжээний үр ашиг харагдаж байгаа бол түүнийг юунд зарцуулах урьдчилсан төлөвөлөлт байна вэ?
Мөн ард иргэд маань орлогогүй, амьдрал нь хүнд байгаа учраас хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлыг шийдэх боломж байгаа юу?
Нэмж нэг санал хэлэхэд, төсөв гэдэг бол монголын нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлыг шийдэх том асуудал. Хэрэгцээ бол мэдээж хязгааргүй их. Төсөв хөрөнгө өөрөө хязгаарлагдмал. Тиймээс гишүүдийн ярьж байгаагаар бид ямар асуудлыг ирэх оны төсөвт анхаарвал ард иргэдийнхээ нуруун дээр байгаа ачааг хөнгөрүүлж чадах вэ? Энэ тал дээр ямар төлөвлөлт хийсэн бэ?
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: 2017 ОНЫ ТӨСВИЙН ҮЛДЭГДЛЭЭР ХҮҮХДИЙН МӨНГИЙГ 100 ХУВЬ ОЛГОХ БОЛОМЖТОЙ
Таны асуултууд дандаа дараагийн Засгийн газарт хаяглагдсан байна. Би үүнд хариулах зохимжгүй. Яагаад гэвэл 2018 оны төсвийн төслийг манай Загсийн газар 9 сарын 29-нд өргөн барьсан. Харин төслийг буцаагаад татсан учир дараагийн Засгийн газар энэ бодлогуудыг оруулж ирнэ.
2017 оны төсвийн тодотголыг харин бид боловсруулсан. Бид хүүхдийн мөнгийг 100 хувь олгох шийдвэртэй байгаа.