2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2017.04.13

2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.13) хуралдаан 10 цаг 16 минутад гишүүдийн 68.4 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б. Чойжилсүрэн Сангийн яамны газар, хэлтсийн дарга нар  болон холбогдох албаны хүмүүс оролцов.

Хуралдааны эхэнд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад төслүүдийг хэлэлцсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Ажлын хэсэг болон Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа.  

Хуралдаанаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд 6,015.7 гэснийг 6,035.7 гэж, Дотоодын нийт бүтээгдэхүүн ( ДНБ) –д эзлэх хувь 23.1 гэснийг 23.2 гэж өөрчлөх, төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 8,789.8 гэснийг 8,750.2 гэж, ДНБ-д эзлэх хувь 33.7 гэснийг 33.6 хувь гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ 835.4 гэснийг -944.2 гэж, ДНБ-д эзлэх хувь 3.2 гэснийг -3.6 хувь гэж, 2018 онд 661.2 гэснийг 700.8 гэж, ДНБ-д эзлэх хувь 2.4 гэснийг 2.5 хувь гэж өөрчлөх, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг -2,774.1 гэснийг -2,714.4 гэж, ДНБ-дэзлэх хувь -10,6 гэснийг -10.4 хувь гэж өөрчлөх,  нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 1,593.4 гэснийг 1,579.8 гэж өөрчлөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ.

Түүнчлэн төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн хуулийг дагасан хуулийн төслүүдийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлого, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд газрын дор, хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийг хэвээр үлдээх” Байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжив.

Ингээд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Батнасан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үргэлжлүүлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуульд “Төслийн 1 дүгээр зүйл буюу 19.9 дэх хэсгийг 2017 онд 10.6 хувиас гэснийг 2017 онд 10.4 хувь” гэж өөрчлөлт оруулсан байлаа.  Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.