УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа
2017.04.13

Д.Хаянхярваа: Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголын төслийг бүрэн дэмжиж байна

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон энэ хуультай холбоотой дагалдан гарч байгаа хууль, тогтоолын төслийн талаарх УИХ дахь Монгол ардын намын бүлгийн дүгнэлт

Монгол Улсын Засгийн газар төсвийн тодотголын төслийг төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хадгалах, сахилга батыг чангатгах бодлогын арга хэмжээний хүрээнд боловсруулжээ.

Улс оронд үүссэн эдийн засаг, төсөв санхүүгийн өнөөгийн байдал нь биднийг ОУВС-тай тохиролцсон Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахаар өөр гарцгүй мухар гудамжны үзүүрт хүргэсэн байна.

Энэ хаврын чуулганаар төсвийг тодотгох гэж байгаатай холбогдуулан өрийг өрөөр дарах гэж байна. Иргэд аж ахуйн нэгжийн татварыг нэмэгдүүлж байна, гадаадаас зээл авалгүйгээр эдийн засгаа аврах боломж байсаар атал ОУВС-гийн далбаан дор 5,5 тэрбум ам.долларын өр тавьж, өрийг нэмэгдүүлэх гэж байна гэсэн буруу ташаа мэдээллийг олон нийтэд түгээж ард түмний сэтгэл санааг үймрүүлж байгааг үүний өмнө буруушааж байна.

Ардчилсан нам зохисгүй ааш гаргаж, сөрөг үйлдэл гаргаж байгаа нь эрх барьж байхдаа гаргасан алдаатай бодлогыг эргэн сануулах шаардлагатай болж байна. Ардчилсан нам эрх барьсан өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд явуулж ирсэн алдаатай бодлогын уршгаар Монгол Улсын эдийн засаг нэн хүндэрснийг амьдрал, тоо баримтын аль аль нь нотолж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн алдаатай үйлдлээ Ардчилсан намын зарим улстөрчид мартжээ. Харин Монгол төрийн ой санамж мартаагүй байна.

Монгол Улсын эдийн засаг тогтвортой өсөлттэй, зээлжих зэрэглэл сайжирч, олон улс дахь нэр хүнд өссөн, 3 тэрбум орчим ам.долларын валютын нөөцтэй, хугацаа тулсан өргүй, төрийн өмчит компаниуд нь ашигтай ажилладаг улс орныг 2012 онд бид Ардчилсан намд хүлээлгэн өгсөн. Гэтэл 2011 онд 17,5 хувьд хүрсэн эдийн засгийн өндөр өсөлт жил дараалан саарсаар 2012-2016 онд 13 дахин унасан.

Хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хөрөнгийн гадагшлах урсгал давамгайлж, гадаадын хөрөнгө оруулалт зогссон. Гадаад цэвэр валютын нөөц 4 жилийн дотор 4 дахин буурч, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 60 гаруй хувиар унасан баримт байна. Улсын гадаад өр 24 тэрбум ам.долларт хүрч, бизнесийн орчин хумигдаж, ажилгүй, орлогогүй, өрийн дарамтад орсон иргэд, аж ахуйн тоо маш хурдтайгаар нэмэгдсээр өнөөдрийг хүрсэн.

Зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд манай улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн дөрвөн жилийн дотор дөрвөн шатлал бууруулж, Засгийн газар үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьцаа, бондын ханш үнэгүйдэж, гадаад зах зээлээс таатай нөхцөлтэй, бага хүүтэй эх үүсвэр татах боломж эрс хязгаарлагдсан, уруудан доройтсон үзүүлэлттэйгээр 2016 онтой золгосон.

Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн таазыг УИХ-ын гишүүдийн 2/3 босготойгоор баталдаг байсныг Ардчилсан нам өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчилж, хэмжээ хязгааргүй их өр тавих үүд хаалгыг нээсний уршгаар Ардчилсан нам Засгийн эрх барьж байсан дөрвөн жилийн хугацаанд өндөр хүүтэй, богино хугацаатай зээлийг гаднаас авч улс орны эдийн засгийг өрийн дарамтад оруулсан гэдэг нь маргашгүй үнэн.

Ардчилсан нам эрх барьж байсан өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар, Хөгжлийн банк, Монголбанк нийт 7,2 тэрбум ам.долларын өндөр хүүтэй зээл авчээ. Энэ өндөр хүүтэй авсан зээл авч, ард түмний хөрөнгөөр яаж туйлснаа эргэн нэг санах хэрэгтэй гэж бодож байна.

  • Чингис бонд: 500 сая ам.доллар, 5 жил, 4,12 хувь
  • Чингис бонд: 1 тэрбум ам.доллар, 10 жил, 5,12 хувь
  • Хөгжлийн банкны бонд: 580 сая ам.доллар, 5 жил, 5,75 хувь  
  • Самурай бонд: 291 сая ам.доллар, 10 жил, 1,62 хувь
  • Хятадын Хөгжлийн банкны зээл: 162 сая ам.доллар, 8 жил, 6 хувь
  • Кредит Свисс банкны зээл: 185 сая ам.доллар, 6 жил, 6 хувийн хүүтэй
  • Кредит Свисс банкны зээл: 115 сая ам.доллар, 3 жил, 5,5 хувийн хүүтэй
  • Худалдаа хөгжлийн банкны Коммерс банкны зээл: 15,1 сая евро буюу 13,9 сая ам.доллар, зээлийн хугацаа, хүү тодорхойгүй
  • Дим Сан бонд: 175 сая ам.доллар, 3 жил, 7,5 хувийн хүүтэй
  • БНХАУ-ын Ардын банктай хийсэн төгрөг, юаны своп: 1 тэрбум юань буюу 2,3 тэрбум ам.доллар, 3 жил, 5 хувийн хүүтэй
  • Кредит Свисс банкны зээл: /2 удаагийн/ 500, 250 сая ам.доллар нийт 750 сая ам.доллар, 5 жил, 11 хувийн хүүтэй авч энэ их өрийн дарамтыг үүсгэсэн байна. Ингэж их өр тавиад үүгээрээ юу хийснээ ард түмэнд тайлагнах ёстой. Энэ их өрийг үргүй зарсан этгээдүүдэд хариуцлага тооцож чадаж байна уу, үгүй юу гэдгийг өнөөдөр эрх барьж буй МАН-аас шаардаж байна.

Манай намыг татвар нэмж байна, өндөр хүүтэй зээл авч байна гэж УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дүгнэлтдээ дурдлаа. Бид тийм өндөр хүүтэй зээл аваагүй. Бид ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсноороо Япон улсад айлчлах үеэр 850 сая ам.долларыг 25-30 жилийн хугацаатай, 1-1,5 хувийн хүүтэй зээл авахаар тохиролцоод байна. 750 сая ам.долларыг 11 хувийн хүүтэй 5 жил авах хоорондоо асар их зөрүүтэй шүү дээ.

2012-2016 онд дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ буурч байсан ч Монгол Улсын 2,5 жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгийг хааш нь хийчихэв ээ гэж асуумаар байна. Үр дүн нь өнөөдөр ажилгүйдэл, ядуурал, гадны хөрөнгө оруулагчид дайжиж зугтсан дөрвөн жил боллоо.

Гадаадын зах зээлээс босгосон мөнгөөрөө экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн оронд гудамж талбай засах, хүүхдийн дүрэмт хувцас оёх, зайрмагны цех байгуулах, цэцэг тарих зэрэг төслийг санхүүжүүлсэн байдаг. Арилжааны өндөр хүүтэй зээлээр зам талбай засдаг, цэцэг тарьдаг тийм тэнэг улс төрийн бодлоготнууд өнөөдөр энэ дэлхийд байхгүй гэж ойлгож байна.

Ардчилсан намынхан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг үл хөдлөх хөрөнгө худалдан авах, байшин барихад ашиглах замаар алдагдалд оруулах үндэс суурь болжээ. Тиймээс татвар нэмэгдүүлэхээр болж байгаа нь бид аргагүй байдалд орж, ард түмний амьдралыг дээшээ татахын тулд ажиллахаар эрс шийдсэн юм.

Өнгөрсөн дөрвөн жил бол Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн 25 жилийн түүхэн дэх хамгийн их мөнгөтэй, хамгийн их өр зээл тавьсан он жилүүд байсан. Сахилга хариуцлагыг умартсан, дураараа дургин, хууль дүрэмгүй юм шиг аашилсан тухайн үеийн эрх баригч Ардчилсан намын алдаатай бодлогын хор уршгийг өнөөдөр ч гэсэн бид үүрсээр байна. Энэ алдаа завхралыг засч залруулахад энэ дөрвөн жил багадна гэж УИХ дахь МАН-ын бүлэг үзэж байна.

МАН ард түмнийхээ язгуур эрх ашгийг ямагт дээдэлж, Ардчилсан намын алдаатай бодлогыг залруулж, шаварт унасан эдийн засгийн уналтыг зогсоох, тулгарсан өрийг дарах, хэмнэлтийн горимд шилжиж, зардлаа хасах, орлогоо нэмэгдүүлэх замаар богино хугацаанд үр дүнд хүрэх замыг эрэлхийлэн ажиллаж байна. УИХ, Засгийн газар өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан, нэгдмэл эх үүсвэр олж, тулгамдсан өрийг дарах, цалин тэтгэврийг тасралтгүй олгох бүхий л бололцоотой арга замыг хайсны үндсэн дээр ОУВС-тай хамтран ажиллахаас өөр замгүй гэсэн дүгнэлтэд хүрлээ.

Төсвийн бодлогын хүрээнд санхүүгийн сахилга батыг сайжруулахад анхаарч, хяналтгүй явсан таван төсөвтэй байсныг нэгтгэж, Монгол Улсыг нэгдсэн нэг төсөвтэй болгох, валютын ханшаа буруу тооцоолдог байсныг таслан зогсоох, хэмнэлтийн горимд шилжин, зардлаа хасах арга хэмжээ авч хэрэгжүүлэх болно.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 2017 оны эхний хоёр сарын гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 36 хувиар буюу 254,5 тэрбум төгрөгөөр өсөж, орлогын төлөвлөгөө 100 хувь биеллээ. Татварын орлого 10,3 тэрбум төгрөгөөр давж биелсэн.

2017 оны эхийн хоёр сарын гүйцэтгэлээр төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулсан төсөв 154,5 тэрбум төгрөгөөр хэмнэгджээ. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч, ам.долларын ханш тогтворжиж эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар төлбөр төлөх хугацаа нь тулаад байсан Монгол Улсын Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондын төлбөрийг хөрвүүлж, Хуралдай бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай арилжлаа.

Монгол Улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Зээлжих зэрэглэл муудсаны улмаас 10 хувиас доош хүүтэй бонд гаргах боломжгүй хэмээн тооцож байсан хүнд нөхцөл байдалд 8,75 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай бонд гаргалаа.

Эдийн засагт нааштай үр дүн гарч байгаа ч үүссэн нөхцөл байдлыг даван туулахын тулд бодлогын томоохон өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна. Ингэхдээ ард иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд аль болох хамгийн бага дарамт учруулах зарчим баримталж байгаагаа цохон тэмдэглэе.

Төсвийн тодотголын төсөлд төсвийн урсгал зардлыг бууруулахдаа нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай, зорилтот бүлэгт шилжүүлэх, хүн ам зүйн бүтэц, хууль тогтоомжийн улмаас төсөвт үүссэн ачааллыг бууруулах, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулан зардлын үр ашгийг нэмэгдүүлэхээр заажээ.

Энэ арга хэмжээг авч хэрэгжүүлсэнээр 2017 онд 54 тэрбум, 2018 онд 351 тэрбум төгрөгийн зардлыг бууруулах тооцоо гарч байгаа юм. Зардлыг огцом бууруулах бодит боломж бидэнд алга байна.

Эм хэрэгслийн худалдан авалтын үр ашгийг сайжруулах, тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг урт хугацаанд аажмаар нэмэх, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого барьж байна. Төрийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, одоо авч буй цалингийн хэмжээг 2018 он дуустал хэвээр хадгалах, төрийн албанаас чөлөөлөгдсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг 2019 он хүртэл хязгаарлах, эдийн засгийн хүндрэлтэй үед зорилтот бүлгийн өрхөд хүнс, тэжээлийн талон олгох, хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох, нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэн, оновчтой болгох ажлыг үе шаттай эхлүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Төсвийн алдагдлыг нэмэх нөлөөлөл бүхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах арга хэмжээ авч байна. Улсын төсвийн орлого талд долоон төрлийн татвар, шимтгэлийг үе шаттайгаар нэмэхээр төсөлд тусгажээ. Ингэхдээ татвар төлөгчдийн тодорхой хүрээг хамрахаар оруулж ирсэн нь нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг зохицуулах, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хамгаалах, зохисгүй хэрэглээг хязгаарлах давхар ач холбогдолтой гэж үзэж байна.

Улсын төсөвт 2017 онд 203,8 тэрбум төгрөг, 2018 онд 540,1 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлэхээр төсөлд тусгажээ. Төсөлд 1,5 сая төгрөг хүртэлх орлоготой хувь хүний орлогын албан татварын хэмжээг нэмэхгүй байхаар тусгасан.

Манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчдийн 95 хүртэлх хувь нь 1,5 сая төгрөгөөс доош орлоготой байгаа юм. Уг татварын нэмэлтэд багш, эмч, цагдаа, төрийн бүх албан хаагч, хувийн хэвшлийн дийлэнх ажилчид хамаарахгүй, тэдний амьдралд нөлөөлөхгүй гэдгийг тооцож үзсэн.

Өмнөх парламентад хувь хүний хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Ингэснээр иргэд хадгаламжийн хүүгээс ашиг хүртэхээс илүүтэйгээр хөрөнгийн зах зээл, үйлдвэрлэл, үйлчилгээ, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж, ЖДҮ хөгжих, ажлын байр нэмэгдэх зэрэг олон эерэг үр дүн гарна гэж тооцоолсон.

Төсөлд бага хөдөлгүүрийн багтаамжтай автомашины татварыг үйлдвэрлэсэн оноос нь хамаарч, 3-15 хувь нэмэхээр тусгажээ. Энэ нь хүрээлэн буй орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, хуучин оны шаардлага хангахгүй техник хэрэгслийг цэгцлэхэд чиглэсэн тодорхой арга хэмжээ гэж үзэж байна.

Засгийн газар өнгөрсөн хугацаанд гурван удаа автобинзений онцгой албан татварыг бууруулсан. Төсөлд бинзен, шатахууны онцгой албан татварын хувь хэмжээг 2016 оны 11 дүгээр сарын түвшинтэй ижил түвшинд хүргэхээр тооцсон байна. Эдийн засаг хүнд, бараа бүтээгдэхүүний эрэлт муу байгаа энэ үед суурь үнэд нөлөөлөх нөлөөлөл бага байна гэж тооцоолсон.

Төсөлд тэтгэврийн даатгалын хувь хэмжээг ажил олгогч, даатгуулагч тус бүрээр 2018 онд 1 хувь, 2019 онд 0,5, 2020 онд 1 хувь нэмэхээр тооцжээ. Тэтгэврийн сангийн орлого нь тэтгэврийн зардлаа санхүүжүүлж чадахгүй байдалд оржээ. Өнөөгийн энэхүү нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр цааш явбал ирээдүйд нийгмийн даатгалын санд хямрал нүүрлэж болзошгүй байна.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг батлах үед УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд ашиглалтад оруулах байсан хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрийг 2017 онд шилжүүлэн дуусгах, ипотекийн зээлийг үргэлжлүүлж, хүүгийн орлого, эргэн төлөгдөх эх үүсвэрээр 2017 онд шинээр өгөх зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, ЖДҮ-ийн сан, Тариалан эрхлэгчдийг дэмжих сан, Зээлийн эргэн төлөгдөх хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцлөөр үргэлжлүүлэхийг дэмжих, Мах, сүү, атрын III аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, яам, агентлаг, төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг зохих хувиар бууруулж, хэмнэсэн хөрөнгийг Засгийн газрын өргөн барьсан төслөөр дэмжихээр тогтсон.

Төсвийн тодотголыг ОУВС-гийн шахалтаар, далбаан дор хэрэгжүүлж байна гэхээсээ илүү алдаагаа засах бодлогын шинэчлэл гэж ойлгох учиртай. Энэхүү хөтөлбөрт хамрагдах болсон шалтгаан нь өмнөх алдаагаа засч, төсвийн авдрын онгорхой, цоорхойг нөхөж, тордох гэсэн бодлогын чухал арга хэмжээ бөгөөд Монгол Улсаа эдийн засгийн хүнд байдлаас гаргах гэсэн гарцаагүй шийдвэр гэдгийг ард түмэн ойлгож байгаа гэдэгт МАН итгэж байна.