Д.Сарангэрэл: Цалинг нэмэхдээ ажлын үзүүлэлт, чанартай шууд уях хэрэгтэй
Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл байр сууриа илэрхийллээ.
Д.САРАНГЭРЭЛ: ХУУЧИН СОЦИАЛИЗМИЫН ҮЕИЙН ТЭГШИТГЭЛИЙН АРГА БАРИЛААР БИШ, АРДЧИЛАЛ ЗАХ ЗЭЭЛИЙН ЗАРЧМААР ЯВАХ НЬ ЗҮЙТЭЙ
Төсвийн орлого 900 тэрбумаар давж, 400 гаруй тэрбумыг зарцуулах боломж нээгдэж байгаа юм байна. Төсвийнхөө асуудлыг тодотголоор шийдэхдээ асуудлыг шийдэх эрэмбэ дараалалд бид их сайн анхаарах ёстой гэж бодож байна. Тэр дундаа зам барилга гэхээсээ илүүтэй хүн рүүгээ чиглэсэн, сургууль, цэцэрлэгийн цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудал хүлээлт үүсгээд байна. Төсвийн тодотголыг батлахдаа энэ асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаарч, зардлаа тэр чиглэлд нь тавих ёстой юм уу гэсэн саналтай байна.
Концесстой холбоотой тодотголд орсон зарим нэг заалтыг харж байхад хийд рүү зам татахад 6 тэрбум, сумаас сум руу зам барихад 20 гаруй тэрбум гээд өнөө, маргаашдаа яаралтай биш зарим хөрөнгө мөнгө суусан зүйл харагдаж байгаа учраас төсвийн байнгын хороо энэ тодотголыг хэлэлцэхдээ энэ асуудлыг анхаараасай гэж хүсч байна.
УИХ-ын гишүүд бүгд эмч, багш нарынхаа цалинг нэмэхэд татгалзахгүй. Гэхдээ боломж нь хэр байгааг би сайн мэдэхгүй байна. Өргөн боломж байгаа талаар манай гишүүд дор бүрдээ санаа оноо хэлж байна. Үнэхээр тэр боломж нь байгаа юм бол үүнийг нэмэхэд хэн нэгэн татгалзаад байгаа зүйл байхгүй.
Гэхдээ цалинг нэмэхдээ ажлын үзүүлэлтэй, чанартай шууд уях хэрэгтэй. 30 хувь, 50 хувь нэмье гэж ярьж байна. Миний хувьд ингэж тэгшитгэж нэмж болохүй гэсэн бодолтой байна.
Ажлын үзүүлэлт, чанар багшид ч, эмчид ч ялгаа байхгүй үйлчлэх ёстой. Тэр дундаа бид эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулийг өнгөрсөн парламентад баталсан. Үүгээр эмнэлгийн удирдлагуудад эрх мэдлийг нь өгчсөн. Үүн шиг хүүхдийн төлөө чин сэтгэлээсээ ажиллаж байгаа багш нарын цалинг нэмэх боломжийг нь бид нээж өгөх ёстой.