Ч.Улаан: Засгийн газар хууль зөрчиж төсвийн тодотгол өргөн барьсан
Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан болж 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, Ажлын хэсэг байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан энэхүү асуудлыг хэлэлцэх нь хууль зөрчсөн хэрэг гэж үзэж буйгаа илэрхийллээ.
Учир нь Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, нэгдсэн төсвийн тухай хуулиар төсөвт тодотгол хийх дөрвөн болзол байдаг.
34.1.Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ:
34.1.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүй байх нөхцөл байдал үүссэн;
34.1.2.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх;
34.1.3.энэ хуулийн 29.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд батлагдсан хөтөлбөр, төсөл, арга хэмжээний төсөвт өртөгт өөрчлөлт оруулах;
34.1.4.төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх.
Харин Засгийн газраас мэдүүлсэн 2017 оны төсвийн тодотгол хийх долоон үндэслэл дээрх болзлуудын алинд нь ч ороогүй юм.
Тэрээр: “Төсвийн орлого нэмэгдэх, ОУВС-тай хийсэн гэрээний асуудлаар төсвийн тодотгол хийнэ гэсэн заалт байхгүй. Өнөөдөр төсөвт тодотгол хийх нөхцөл үүсээгүй. Засгийн газар хууль зөрчиж төсвийн тодотгол өргөн барьсан. Энэ асуудлыг хэлэлцэх үндэслэлгүй. Бид хууль зөрчсөн асуудал хэлэлцэж болохгүй.
Төсвийн анхны хэлэлцүүлгийн үеэр би чуулган дээр саналаа хэлж байсан. Чуулган дээрээс төсвийн тодотголыг буцаах дэг байхгүй учраас анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Тиймээс хэлэлцүүлэг хийж, ажлын хэсэг байгуулах шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн юм.
Гэсэн ч УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн дагуу горимын санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58,3 хувь нь уг асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв.