Төсвийн санхүүжилтийг шийдэх шинэ арга нь нийгмийн тусгай зорилтот бонд юм
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан салбарын экспертүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Тэдний нэг нь МУИС-ийн Төгсөлтийн дараах сургуулийн захирал Б.Отгонтөгс юм.
Эдийн засгийн ухааны доктор Б.Отгонтөгс
"Одоогийн байдлаар 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд төсвийн алдагдал 2.6 их наяд төгрөг болж энэ нь ДНБ-ний бараг 10 хувьтай тэнцэхээр болж байх шиг байна. Гэтэл 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлд богино хугацаанд орлогыг хэрхэн нэмэгдүүлэх талаар ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа талаар би судлаач хүн уншаад олж харахгүй л байна. Манайд улсын төсвийг урт хугацаанд үр ашиг, үр өгөөж өндөртэй хэлбэрээр зарцуулах талаар судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлж эхлэх л хэрэгтэй.
Монголд зөвхөн өнөө, маргаашаа зохицуулах бодлого хэрэгжиж байгаа нь нийгмийн зорилтот бонд хэрэгжүүлэх боломж алга байна.
Гэтэл нийгэмд хүн амын өсөлт, шилжилт, нийгэмд гарч буй өөрчлөлтүүдээс хамааран зайлшгүй санхүүжүүлэх ёстой зардал их байна. Тухайн жилд төсвийн орлого багассан гэдэг шалтгаанаар нийгмийн чухал салбаруудыг орхих нь дунд болон урт хугацаанд эдийн засгийн өсөлт, хөгжилд сөрөг нөлөө үзүүлнэ. Тиймээс бусад орнууд төсвийн төлөвлөлт, зарцуулалтад шинэ шинэ аргуудыг хэрэглэж эхэлсэний нэг нь Нийгмийн тусгай зорилтот бонд гаргах юм.
...Нийгмийн тусгай зорилтот бонд гэдэг нь тодорхой хугацаанд, тодорхой зорилгоор гаргадаг Засгийн газрын бонд юм. Гэхдээ тогтсон өндөр хүү төлдөггүй...
Засгийн газар шаардлагатай төсөл хөтөлбөрийг хөрөнгө оруулагчдаар санхүүжүүлж, гүйцэтгэгч байгууллагууд ажлаа хариуцна. Төсөл дууссаны дараа Засгийн газар үр дүнг шалгасны үндсэн дээр хүү, төлбөрийг барагдуулдаг санхүүгийн механизм юм.
Хөрөнгө оруулагч гэдэг нь олон улсын байгууллагууд, арилжааны банкууд, судалгаа, шинжилгээнд суурилан санхүүжилт олгодог байгууллагууд, хөрөнгө оруулалтын сангууд, буяны байгууллагууд орно. Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд байна. Мөн завсрын мониторинг буюу зуучлагч байгууллагууд ч оролцоно.
Хэрэгжүүлэгч болон хөрөнгө оруулагч талууд гэрээнд заасан хугацаанд тодорхой шаардлагыг ханган ажилласан байх нь маш чухал. Энэ нь Нийгмийн тусгай зориулалтын бондын хамгийн гол санаа юм.
Уг бондын гол шалгуур нь хөрөнгө оруулагч хөрөнгөө заавал нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдэд оруулсан байх юм. Мөн гэрээнд заасан үр дүнд заавал хүрсэн байх гэсэн шаардлага тавьдаг. Гэрээнд заасан үр дүнд заавал хүрсэн тохиолдолд л Засгийн газар эсвэл оро нутгийн захиргаа бондын төлбөрийг хүүгийн хамт олгодог.
Зуучлагч байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, зааж зөвлөх, хөрөнгө оруулагчдаас орж ирсэн хөрөнгийг гүйцэтгэгч талд шилжүүлэх, үр дүнг үнэн зөв хэмжиж, Засгийн газар, хөрөнгө оруулагч талд мэдээлнэ.
Одоогоор нийгмийн зорилтот бонд нь хөгжингүй орнуудад нэгэнт туршигдаж, боломжтой гэдэг нь батлагдсан. Хөгжиж буй орнуудаас ӨАБНУ, Энэтхэг, Пакистан зэрэг оронд хэрэгжиж байна. Энэ бондын хамгийн том баталгаа нь Засгийн газар өөрөө. Хөрөнгө оруулагч, хэрэгжүүлэгч, зуучлагч гэсэн талуудтай учраас хариуцах эзэн нь тодорхой. Эрсдэл бий хэдий ч Засгийн газар өөрөө санхүүжүүлж, хэрэгжүүлж, үр дүнг хэмжихээс харьцангуй бага эрсдэлтэй."