УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
2017.04.07

Ж.Эрдэнэбат: Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Монгол Улс олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын гишүүн болсноор зах зээлийн шаардлагад нийцсэн эдийн засаг, санхүүгийн бодлогыг боловсруулах, эдийн засгийн институцийн үндэс суурийг бий болгож, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй тусламж авах болсон.

Ийнхүү түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Улсын Их Хурлын дарга аа,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Засгийн газар ба олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааны талаар энэ удаагийн Засгийн газрын мэдээллийг бэлтгэн та бүхэнд танилцуулж байна.

Монгол Улс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт олон улсын болон бүс нутгийн 74 байгууллага, сан, холбоонд нэгдэн орсноос 12 нь олон улсын банк, санхүү, худалдаа, эдийн засгийн байгууллага байна.

Тухайлбал, Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд 1970 онд, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкинд 1991 онд, Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд 2000 онд, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд 2015 онд гишүүнээр элсэн орсон бөгөөд Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран ажилласны 25 жил, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран ажилласны 15 жилийн ойг тус тус тэмдэглэн өнгөрүүллээ.

Монгол Улс эдгээр олон улсын банк, санхүүгийн байгууллагын гишүүн болсноор зах зээлийн шаардлагад нийцсэн санхүү, эдийн засгийн бодлогыг боловсруулах, эдийн засгийн институцийн үндэс суурийг бий болгохын зэрэгцээ эдгээр байгууллагаас хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах болон институци, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх техникийн тусламж авах үүд хаалга нээгдсэн юм.

Монгол Улсын Засгийн газар ба олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хамтын ажиллагааг тус бүрээр нь авч үзвэл:

НЭГ. Монгол Улсын Засгийн газар 1991 оноос хойш Олон улсын валютын сантай хамтран макро эдийн засгийн тогтвортой байдлыг сэргээх, зах зээлийн эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох, ядуурлыг бууруулах болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн Стэнд-бай хөтөлбөр, ядуурлыг бууруулах, өсөлтийг дэмжих зэрэг 5 хөтөлбөр хэрэгжүүлж, нийт 195.7 сая зээлжих тусгай эрхтэй тэнцэх хэмжээний эх үүсвэрийг авч ашиглажээ.Үүнд Стэнд-бай хөтөлбөрийг 1991, 2009 он, Өргөтгөсөн зээлийн хөтөлбөрийг 1993, 1997, 2001 онд хэрэгжүүлсэн бөгөөд нэг хөтөлбөр дунджаар 30 сар үргэлжилжээ.

Тэгвэл бидний хэрэгжүүлэхээр тохиролцоод буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх зургаа дахь удаагийн хөтөлбөр бөгөөд хугацаа нь 36 сар буюу харьцангуй урт, хүү бага байхаар байна.

Засгийн газар хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийг амжилттай хийснээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон бусад олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл улам сэргэж, хамтран ажиллах нөхцөл боломж илүү нээлттэй болж байгааг дурдах нь зүйтэй.

Засгийн газар Олон улсын валютын сангаас санхүү, эдийн засаг, төсвийн чиглэлээр техник туслалцааны арга хэмжээнүүдийг авч байсны зэрэгцээ тус сангийн Дүрмийн дөрөвдүгээр зүйлд заасны дагуу жил бүр Монгол Улсын макро эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийх Ажлын хэсэгтэй тогтмол хамтран ажилласаар ирсэн болно.

ХОЁР. Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны группийн байгууллагуудтай төсөв, макро эдийн засаг, засаглал, удирдлагын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд 1991-2016 он хүртэл санхүү, хөдөө аж ахуй, нийгэм, эрчим хүч, уул уурхай, хөдөлмөр эрхлэлт, худалдааны салбаруудад нийт 136 төсөл, арга хэмжээний 837 орчим сая ам.долларын санхүүжилтийг авсан байна.

Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг Хамтын ажиллагааны стратегийн баримт бичигт үндэслэн шийдвэрлэдэг бөгөөд баримт бичгийг Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд дөрөв жил тутам шинэчлэн тохирдог. Энэ хүрээнд Засгийн газар 2017-2019 онд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 160.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг ашиглахаар төлөвлөж байна.

ГУРАВ. Монгол Улс Азийн хөгжлийн банкинд 1991 онд элсэн орсноос хойш нийт 1.6 тэрбум орчим ам.долларын санхүүжилт авч, зээл, буцалтгүй тусламж, техник туслалцааны 260 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн багцаас хэрэгжүүлэх төслүүдийг Дунд хугацааны хамтын ажиллагааны стратегийн хүрээнд шийдвэрлэдэг бөгөөд ирэх дөрөв жилд бүс нутгийн хамтын ажиллагаа болон эдийн засаг, нийгмийн тогтвортой байдлыг хангах, дэд бүтцийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцоод байна.

ДӨРӨВ. Монгол Улс 2000 онд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 61 дэх бүрэн эрхт гишүүн болсноор тус банкны шугамаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд оролцох, техник туслалцаа авах, тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлэх, санал оруулах, Зүүн Европ болон шинээр тусгаар тогтносон улс fорнуудтай хамтран Монгол Улсад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирлээ.

Тус банк манай хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр идэвхитэй ажиллаж, нийт 1.4 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны эх үүсвэрийг олгосноос гадна Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпораци болон бусад олон улсын хөрөнгө оруулагчтай хамтран Оюутолгойн далд уурхайн төсөлд хоёр тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Мөн гадаад валютын ханшийн эрсдэлийг багасгах зорилгоор манай аж ахуйн нэгжүүдэд төгрөгийн санхүүжилт олгох, дотоодын санхүүгийн зах зээлийг дэмжих санаачилгыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

ТАВ. Монгол Улс 2015 онд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны үүсгэн байгуулагч орнуудын нэг болсон бөгөөд тус банктай хамтран хэрэгжүүлэх тодорхой төсөл, хөтөлбөрийг судлаж байна.

ЗУРГАА. Монгол Улс 1970 онд Олон улсын хөрөнгө оруулалтын банкны гишүүн болсноос хойш өнөөдрийн байдлаар тус банкны дүрмийн сангийн 0.49 хувийг эзэмшиж байна. Цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд тус банк болон Хөгжлийн банк хооронд байгуулсан “Стратегийн түншлэлийн гэрээ”-ний үйл ажиллагааг өргөжүүлэх, манай улсын эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан 50.0 сая еврогийн зээлийг 7 жилийн хугацаатай олгох талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн.

ДОЛОО. Монгол Улсын Засгийн газар дэлхийн томоохон хөрөнгө оруулагч банкуудтай нягт хамтран ажилласны үндсэн дээр Засгийн газрын дөрөв үнэт цаас, Засгийн газрын баталгаатай гурав үнэт цаасыг олон улсын зах зээлд амжилттай арилжааллаа. Энэ нь хувийн секторын гадаад зах зээл рүү нэвтрэх, санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж, хөрөнгө босгоход томоохон түлхэц болж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Дэлхийд тэргүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагууд манай дотоодын санхүүгийн зах зээлд орж ирснээр Монгол Улсын нэр хүнд өсөх, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломж нэмэгдэх, хямд өртөгтэй эх үүсвэрийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд олгох, цаашлаад урт хугацааны хөгжлийн зээл, төгрөг-юанийн своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлж, хугацааг сунгахад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн бөгөөд цаашид ч энэ байдал хэвээр хадгалагдана гэж Засгийн газар үзэж байна.

Өнөөдрийн байдлаар гадаадын банк, санхүүгийн байгууллагууд дотоодын 8 банкинд хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж байгаа бол тусгай шалгууруудыг хангасан, олон улсад нэр хүнд бүхий таван гадаадын банк Монголбанкны зөвшөөрөлтэйгээр Төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байгаа юм.

Засгийн газар цаашид Төлөөлөгчийн газрыг дэмжиж, тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын хөгжлийн хамтын ажиллагааг эдийн засгийг төрөлжүүлэх, хүртээмжтэй өсөлтийг хангах, дэд бүтэц, бүтээн байгуулалтын мега төслүүдийг хэрэгжүүлэх замаар үр ашгийг нэмэгдүүлэх, хувийн хэвшил рүү түлхүү чиглүүлэн өргөжүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.