УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.04.06

С.Чинзориг: ОУВС-гийн хөтөлбөрөөр шалтаглан нийгмийн халамжийг бууруулах уу?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг ОУВС-гийн гэрээгээр шалтаглан нийгмийн халамжийг бууруулах эсэх болон тэтгэврийн насыг нэмэгдүүлэх талаар асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: ОУВС-тай гэрээ хийсэн гэж байнга яриад байна. Энэ гэрээг нь гишүүд бид нар цаасаар аваад өөрсдөө танилцмаар байна. Хаалттай, нууц биш бол энэ гэрээг харъя. ОУВС-ийн хөтөлбөрт орох үедээ болгоомжтой хандах хэрэгтэй байна.

2000 онд бид ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж байсан. Тэр үед би дэд сайд хийж байсан. Сангийн яамныхан ОУВС-ийн хөтөлбөрт орохгүй бол болохгүй, нийгмийн хамгааллын асуудал зардал ихтэй байна гэж их ярьдаг байсан. Тэр үед тэтгэвэр, тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж өөрчилдөг байсан. Үүнийг болиулахгүй бол төсөвт дарамт учруулж байна гэсээр байгаад энэ хууль эрхзүйн орчныг болиулсан. Эцэст нь хамгийн орлого багатай, ядарсан хүмүүс хохироод үлдсэн.

Одоо энэ хууль байхгүй болохоор сангийн яам тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх асуудлыг хөдөлгөхөө больсон.

Одоогийн халамжууд дандаа амьдралын түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага байна. Ядарсан хэсэг нь хохироод үлддэг ийм асуудал байсаар байна. Тиймээс би та нарын ярьж байгаа энэ хэлэлцээрийг цаасаар нь хармаар байна.

Үүнээс цааш ОУВС-тай хэлэлцээр хийсэн нэрээр нийгмийн хамгааллын чиглэлийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, хүрсэн түвшингээс ухраах асуудлууд орж ирэх эсэхийг асуумаар байна. Дахиад төсвийн тодотгол хийх эсвэл ирэх оны төсөв ярихаар ОУВС-ийн энэ хэлэлцээр дутуу орсон, энийг зогсоохгүй бол болохгүй гэсэн зүйл орж ирэхгүй биз дээ?

Мөн тэтгэврийн настай холбоотой асуудалд санал нийлэхгүй байна. Монголчуудын дундаж наслалт 69 байгаа. Эрэгтэйчүүд 66. Сая Сарангэрэл гишүүн ч бас хэлсэн. Одоогийнхоо хуулинд нэг зүйл заалт оруулмаар байна.

Одоогийн нийгмийн даатгалын хуулиар эрэгтэй, эмэгтэй адилхан 60 насанд тэтгэвэрт гарах эрхтэй. Эмэгтэйчүүд өөрөө хүсвэл олон хүүхэдтэй гээд 50 эсвэл 55-тайдаа гарч болно. Ажил олгогчид өөрөө хүсвэл гэдгийг анзаарахаа болиод заавал захиргааны санаачилгаар 55-тай гаргаж байна. Өөрөө хүсээгүй нөхцөлд 50, 55-тай ээжүүдийг тэтгэвэрт гаргахыг хориглоно гэсэн заалт оруулбал нэг том алхам болно. Мөн баруунын орнууд 65-тай болгож байна гэнэ.

Манай орон 1992-2015 оны судалгааг үзэхээр жилд дунджаар дундаж насалт 3,7-хон хувиар нэмэгдсэн байна. Гэтэл манайх жилд 6 сар нэмэх гэж байна. Ядаж жилд нэмэгдэж байгаа 3 сараар нь тэтгэврийн насаа нэмэх замаар шийдэж болох уу?

УИХ-ын гишүүн, сангийн сайд Б.Чойжилсүрэн: ОУВС-тай хийсэн гэрээ цаасаар авж болох уу гэж байна. ОУВС-тай ажлын хэсгийн түвшинд тохирсон байгаа. Ажлын хэсгийн түвшинд тохирсоны дараа хөтөлбөр ОУВС-ийн захирлуудын зөвлөлөөр орж батлагдхаасаа өмнө Монгол Улсын Засгийн газар, Монголбанк 3 нөхцөлийг хангах учиртай. Энэ 3 нөхцлийн нэгийг одоо УИХ-аар хэлэлцүүлээд явж байна. ОУВС-ийн захирлуудын зөвлөлөөр ороод батлагдсаны дараа бид олон нийтэд ил болгоно. УИХ-ын гишүүний хувьд танд төслийг нь цаасаар танилцуулъя.

Хамгийн орлого багатай хэсэг хохироод үлддэг гэж байна. ОУВС-тай тохиролцохдоо нийгмийн эмзэг болон дундаж хэсгийг хүрсэн түвшнээс нь ухраахгүйгээр, бараг нөлөөлөхгүй байдлаар эдийн засгийн арга хэмжээнүүдийг тохирсон.

Нийгмийн хамгааллын чиглэлд хүрсэн түвшнээсээ ухрах уу гэж байна. Одоогоор дахиж ОУВС-ийн нэрийг барьж зүйл заалт оруулах шаардлага байхгүй. Тохирсон урьдач нөхцлүүдийг энэ төсвийн тодотголоор оруулж ирсэн. Зарим нь энэ 2017оны төсвөөс хэрэгжээд явна.  

Тэтгэврийн өөрчлөлтийн тухайд та бас нийгмийн хамгаалах хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан хүн учир дотоод асуудлыг сайн мэднэ. Одоо бид тэтгэврийн сантай байх уу, үгүй юу гэдэг асуудалтай байна. Энэ жил 578 тэрбум төгрөгийг татаасанд өгч байна. Ирэх жил бодлогын өөрчлөлт хийхгүй бол 677,7; 2019 онд 738,9 тэрбум, 2020 оноос 807,7 тэрбум төгрөгний татаасыг улсын төсвөөс өгөх шаардлага гарч байгаа учир аргагүйн эрхэнд хийж байгаа алхам.

Манайхтай адилхан хуучин социалист системээс зах зээлийн нийгэмд шилжсэн бүх улс орнууд тэтгэврийн реформыг хийгээд явж байна. Манай улс хамгийн сүүлд үлдэж байгаа. 1958 онд тэтгэврийн систем анх бий болж байхад эрэгтэйчүүд 46,7, эмэгтэйчүүд 50 настай байсан. Тухайн үед тэтгэврийн насыг эрэгтэй 60, эмэгтэй 55-аар тогтоож байсан. Одоо 2015 оны тоогоор эрчүүдийн дундаж нас 64,7, эмэгтэйчүүд 73,5 хүрсэн байна. Шилжилт дуусах үе буюу 2027 онд монголчуудын нас 4-5-аар нэмэгдэх судалгаа байгаа.