2017.10.05

С.Чинзориг: Хөнгөлөлттэй олгодог эмийн хангамж яагаад муу байна вэ?

Өнөөдөр /2017.10.05/ УИХ-ын ээлжит чуулганаар 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг  эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй эмийн хүртээмжийн талаар асуулт асуулаа.

С.ЧИНЗОРИГ: ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ОЛГОДОГ ЭМИЙН ХҮРЭЛЦЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ТӨСВИЙН ТОДОТГОЛД ТУСГАСАН УУ?

Нэгдүгээрт,

Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн хүрэлцээ хангамж маш муу байна гэх шүүмжлэл их гарч байна. Хөнгөлөлттэй үнээр олгож байгаа эмийн хүрэлцээ хангамж юунаас шалтгаалаад хүртээмж муутай байгаа юм бэ? Сарын эхний долоо хоногийн тав хоногт багтаад дуусчихдаг юм байна. Төсвийн тодотгол яригдаж байгаа учраас энэ эмийн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх талаар төвсийн тодотголд тодорхой төсөв тусгасан уу?

Хоёрдугаарт,

эрүүл мэндийн даатгалын хураамжийн хэмжээ өнгөрсөн оныхоос долоо дахин нэмэгдсэн. Энэ нь хөдөөгийн иргэдэд маш хүнд дарамт болж байн гэсэн асуудал яригдаж байна. Тиймээс төсвийн тодотгол хийж байгаатай холбогдуулаад эрүүл мэндийн даатгалыг сайн дураар төлж буй иргэдийн даатгалын хураамжийг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бий юу? Танай яам юу гэж үзэж байна вэ?

Гуравдугаарт,

намрын чуулган эхлэнгүүт төрийн албан хаагчдын цалинг нэмэх жагсаал цуглаантай нүүр тулж байна. Гэтэл бид 2017, 2018 онд цалин нэмэхгүй байх талаар ОУВС-тай гэрээ байгуулсан. Гэхдээ бодит байдал хүндрэхээс сэргийлж, цалин нэмэх өөр эх үүсвэр байгаа юу? Эсвэл ОУВС-тай дахин тохиролцох боломжтой юу? Үндсэн цалинг нь нэмэхгүй ч гэсэн урамшууллыг нь нэмдэг байх хувилбар байгаа юу?

ЭМЯ-НЫ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ А.ЦОГЦЭЦЭГ: САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ХУВИЙГ БУУРУУЛБАЛ БИДНИЙ САНХҮҮЖИЛТ ЭРСДЭЛТЭЙ БОЛНО

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөттэй олгодог эмийн үнэ, хүртээмж бага байгаатай холбогдуулж иргэдээс санал гомдол гарч байгаа нь үнэн. Үүнтэй холбоотой манай яам ХНХЯ-тай хамтарч ажлын хэсэг гаргаад, эцэслэж шийдвэрлэх шатандаа явж байгаа. Гол нь санхүүжилттэй холбоотой асуудал байна.

Зөвхөн 2017 оны төсвийн тодотголд гэхгүйгээр 2018 оны төсөвт ч суулгаад явуулъя гэсэн асуудлыг ярьж байна. Мөн ийм олон эмийн нэр төрөл дээр хөнгөлөлт үзүүлэх юм уу гэдэг дээр ярилцаж байна.

Нэр төрөл нь хэтэрхий олон болохоор санхүүжилтээсээ хамаараад хүртээмж муу байна.

Энэ төсвийн тодотголд “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа С вирусын эмний 3,7 тэрбум төгрөгийг оруулсан. 2018 оны төсөвт  энэ эмийн хөнгөлөлтийн асуудал дээр нэмэлтүүд орсон.

Манай даатгалын тогтолцоо бол эв нэгдлийн зарчим дээр явдаг. Даатгуулсан иргэд даатгалаа ашиглахгүй байвал тэдний мөнгийг шаардлагатай хүмүүст нь зарцуулах зарчимтай. Хэрвээ сайн дурын даатгалын хувийг бууруулбал бидний санхүүжилт эрсдэлтэй болно.