Ховд аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ
2020.06.02

Ховд аймагт МАН-аас нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа эхлүүллээ

УИХ-ын 16-р тойрог Ховд аймагт УИХ-ын гишүүн С.Бямбацогт УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн О.Батнасан нарынхаа хамтаар МАН-аас нэр дэвшиж байгаа билээ.

Нутгийн зон олныхоо итгэл, сэтгэлийг дааж ажиллан, хөгжил дэвшлийн түүхийг хамтдаа бүтээлцэж ирсний хувьд, аймаг орон нутгийнхаа нөөц боломж, давуу тал, олсон ололтдоо тулгуурлан баруун бүсийн хөгжлийн ундарга, таталцлын төв “ШИНЭ ХОВД”-ыг цогцлоох томоохон үйлсэд шулуудан зорьж, хүчээ нэгтгэхийг уриаллаа.

УИХ-ын гишүүн УИХ-ын 16-р тойрогт нэр дэвшигч С.Бямбацогт

Өнөөдөр Ховд аймгийн хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдэж байна.Та бид хамтдаа ШИНЭ ХОВДЫН ГАРААН дээр зогсож байна.

Өнгөрсөн хугацаанд бид хөгжилд хөтөлсөн 1300 км авто замтай, илч гэрэл түгээсэн хос Дулааны станцтай болсон. Эрдэм боловсролын үрийг тарьсан сургууль цэцэрлэгүүдийнхээ барилга байгууламжийг үндсэнд нь бүрэн шинэчилж, эрүүл энхийн эх булаг болсон эрүүл мэндийн салбараа бэхжүүлж чадлаа.

Бүтээн байгуулсан амжилтдаа дөрөөлөн урагшлан хөгжих, бууриа засаж ханаа дугуйлсан ШИНЭ ХОВДЫНХОО тооныг өргөх шинэ түүхийг та бид хамтдаа бүтээх гэж байна.

Монгол Ардын Намын 2020 оны сонгуулийн Мөрийн хөтөлбөрт ирэх жилүүдэд Ховд аймагт хэрэгжих олон том төслүүд ШИНЭ ХОВД гэсэн нэгэн тугийн дор нэгтгэн зангидагдаж байна. ШИНЭ ХОВД бол сонгуульд зориулсан амлалт уриа биш харин бодитой шийдэл, даацтай бодлого юм.

Анх 2018 онд ШИНЭ ХОВД хөрөнгө оруулалт-хөгжлийн чуулганыг зохион байгуулж зорилтуудаа цаасан дээр буулгаж байсан бол 2019 онд болсон 2-р чуулганаар бодлогын баримт бичгийг эцэслэн боловсруулж, бодитоор зарим төслүүд хэрэгжиж эхлэн улмаар өнөөдөр ийнхүү аймаг орон нутгийн удирдлагад хүлээлгэн өглөө.

ШИНЭ ХОВД хөтөлбөрийн үр дүнд Ховдчуудын амьдралын өртөг зардал буурч, орлого өсөх учиртай. Ажлын байр бий болж, өрсөлдөх чадвар нэмэгдэх ёстой.

МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ

ШИНЭ ХОВДЫНХОО ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ

НЭР ДЭВШИГЧИДДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ хэмээлээ.