Агаарын бохирдлыг бууруулахад зориулан төсөвлөсөн мөнгө дуусчээ
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг харахад зарим сайдын зардал 0,5-35 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна.
Эдийн засгийн хүндрэлтэй байгаа учраас нэмэлт санхүүжилт олгох шаардлагагүй гэж орхисон салбараар Байгаль орчин, аялал жуулчлалыг нэрлэж болох юм.
Тэр дундаа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 5 жилийн хугацаанд хоёр үе шаттай хэрэгжүүлэхэд 9,9 их наяд төгрөг шаардлагатай гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргаж, уг хөтөлбөрийг энэ оны 3 дугаар сард баталсан байдаг.
2016 оны төсвийн тодотголоор агаарын бохирдлыг бууруулах ажилд зориулан 5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ мөнгийг гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэхэд зориулаад дуусчээ.
Дээр дурдсан 9,9 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын хувийн хэвшлийн дэмжлэгээр олж, хэд хэдэн үйлдвэр, дэд бүтэц байгуулна гэж төлөвлөсөн байна. Улсын төсөв гэдэгт 5 жил дотор 201 тэрбум төгрөг төсөвлөх шаардлагатай гэж үзсэн бөгөөд энэ нь жилд дунджаар 30 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгана гэсэн үг.
Агаарын бохирдлыг бууруулах ажлыг санхүүжүүлэх асуудлыг өнөөдөр болсон УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзориг, Б.Саранчимэг нар хөндлөө.
Тэд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд ямар ажлууд хийж байгаа, санхүүжилт бий эсэх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас тодруулж байлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол "Төсөв хүндрэлтэй байгааг ойлгоод агаарын бохирдлыг бууруулах ажилд хөрөнгө төсөвлөхийг шаардахгүй байгаа. Гэхдээ байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажил бол маш чухал" гээд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өрнөх дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөр, шаардлагатай хөрөнгийг танилцуулсан юм.
Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар бол
- Олборлосон нүүрсний нэг кг тутмаас 1 төгрөг
- Импортолсон, үйлдвэрлэсэн органик уусгагчийн 1 кг тутмаас 10 төгрөг
- Автомашины ангиллаас хамаарч 1800-9500 төгрөг авахаар заасан.
Уг төлбөрөөс жилдээ 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрч байгаа бөгөөд энэ мөнгийг агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулах ёстой ч 2016 оны төсвийн тодотголд гэхэд л 5 тэрбум төгрөг суулгажээ.
Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажилд 650 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд концессын гэрээгээр бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Тиймээс эхний ээлжинд Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслийн гүйцэтгэгчийг яаралтай сонгон шалгаруулахыг Нийслэлийн Засаг даргын тамгын газарт даалгажээ.
Цахилгааны шөнийн тарифыг тэглэснээр агаарын бохирдол тодорхой хувиар буурсан уу гэдгийг Эрчим хүчний яамтай хамтран судалж, дүгнэлтээ гаргаж байгаа гэдгийг салбарын сайд мэдээллээ. Цаашид Улаанбаатар хотын түүхий нүүрсний хэрэглээг бууруулахын тулд дараа жил ч цахилгааны шөнийн тарифыг өвлийн улиралд тэглэх шаардлагатай гэж Д.Оюунхорол үзэж байна. Зөвхөн айл өрхүүд биш зарим цэцэрлэг, сургууль, жижиг дунд үйлдвэрүүд нам даралтын зуух ашиглан дулаанд холбогдож байна. Тиймээс энэ жилдээ багтааж нам даралтын 70 зуухыг шинэчлэхээр төлөвлөжээ.
Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд өрнөх бүтээн байгуулалтын ажлууд
- Хог хаягдлаас эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах ажилд 350 тэрбум төгрөг,
- Нүүрснээс нийлэг хий гарган авах үйлдвэр байгуулах ажилд 5 их наяд төгрөг,
- 10 аймагт дулааны станц байгуулах ажилд 325 тэрбум төгрөг,
- Баянхошуу, Сэлбэ дэд төвийн инженерийн шугам сүлжээг шинэчлэх ажилд 220 тэрбум төгрөг,
- Улаанбаатар хотын гэр хорооллын 68 мянган хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах техникийн боломжийг бүрдүүлэхэд 102 тэрбум төгрөг,
- Улаанбаатар хотод 228 нам даралтын зуухийг нэгдсэн шугамд холбох ажилд 91 тэрбум төгрөг тус тус шаардлагатай.
Эдгээр үйлдвэр байгуулах ажилд зарцуулах хөрөнгийг улсын төсөв, гадаадын хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн дэмжлэгээр шийднэ гэж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол байнгын хорооны гишүүдэд мэдээлсэн юм.