Хууль зүйн байнгын хороо хуралдав
2017.10.10

Хууль зүйн байнгын хороо хуралдав

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр (2017.10.10) хуралдаж, Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хуралдааны эхэнд хэлэлцэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан санал хэллээ.

Төсвийн тодотголын төслийг өмнөх Засгийн газар боловсруулсан бөгөөд 2017 оны наймдугаар сарын байдлаар төсвийн орлого 904 тэрбум төгрөгөөр давсан гэдэг мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгсөн. Энэ мөнгийг хэрхэн зарцуулах талаарх төсөл гэж ойлгож байгаа.

Иймд огцорсон Засгийн газрын боловсруулж, өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэхийг хойшлуулах саналтай байна гэв. УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Д.Пүрэвдорж 2017 оны төсвийн тодотголын төсөлд оновчгүй төлөвлөлт олон байгаа тул шинэ Засгийн газар ирээдүйн эрсдлээ тооцож, эдийн засгийн нөхцөл байдлаа тооцон төсвийн тодотголын төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн тул УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байгааг мэдэгдэв.

Байнгын хорооны энэ өдрийн хуралдаан Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлаар үргэлжилсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Цэцийн гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг, эсхүл Төрийн албаны тухай хуульд [2] заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж тэтгэвэрт гаргах асуудлыг анх илгээсэн байгууллага санал болгон Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасныг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Р.Бурмааг томилуулахаар ирүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав.

Танилцуулагатай холбогдуулан нэр дэвшүүлж буй эрх бүхий албан тушаалтан болон нэр дэвшигчээс хуралдаанд оролцож буй гишүүд асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 2-т “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй, Монгол Улсын дөчин нас хүрсэн иргэнийг томилно” гэсэн шалгуурыг нэр дэвшигч хангаж буй эсэхийг УИХ-ын гишүүн О.Батнасан тодруулав. Үндсэн хуулийн дээрх зүйл, заалтад  хууль зүй, улс төрийн давхар мэргэшилтэй гэж заагаагүй, аль нэг нь байх боломжтой. Өмнө нь “улс төрийн өндөр мэргэшилтэй” гэсэн шалгуураар П.Очирбат, Т.Лхагва, Д.Чилаажав, Ж.Болдбаатар зэрэг олон хүн Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдож байсан бөгөөд өөрийнх нь мэдлэг, туршлага дээрх шалгуурыг хангана хэмээн үзэж байгаагаа Р.Бурмаа хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав нэр дэвшигч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон тохиолдолд ард түмний нийтлэг эрх ашгийг дээдлэн, Үндсэн хуулийг хамгаалан ажиллах эсэхийг асуулаа. Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхагласан зарчмыг дээдлэн ажиллана хэмээн нэр дэвшигч Р.Бурмаа хариулсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцэх шаардлагатай байгаа тул тав хоногийн завсарлага авч буйг мэдэгдсэнээр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өндөрлөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.