М.Оюунчимэг: Цалингаараа амьдардаг хүмүүст татварын дарамт үүсгэхгүйгээр шийдэх бололцоо байна
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг
2017.04.13

М.Оюунчимэг: Цалингаараа амьдардаг хүмүүст татварын дарамт үүсгэхгүйгээр шийдэх бололцоо байна

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Хэлэлцүүлгийн үер М.Оюунчимэг цалин,хөдөлмөрийн хөлсний орлоготой хувь хүмүүсийн хувьд эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдээд, дээр нь татвар нь өсөөд давхар ачаалал үүсч байгаа учраас Хувь хүний орлогын албан татварын шатлал хоорондын зайг ихэсгэх, татварын хөнгөлөлтийг 84000₮ гэж заасныг “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ” болгон өөрчлөх санал гаргаж УИХ-д орууллаа.

Тэрээр: "Хувь хүний албан татварын хуульд зааснаар 5 төрлийн орлогоос зөвхөн энэ цалин, хөдөлмөрийн хөлстэй холбоотой хэсэг дээр нь л татварын шатлалаар, харин бусдад нь 10, 5, 2 хувиар гээд тэгш бус байдал үүсгэх, зарим нэгэн татвараас зайлсхийх магадлалуудыг үүсгэхээр байгаа учраас энэ асуудалд анхаарлаа хандуулаач ээ гэж санал гаргая.

Тэгэхээр энийг шийдэх арга нь шатлалыг сарын 1,5, 3, 5сая  гэж үзвэл жилийн 18, 36, 60 сая гэж шатлал үүсээд, энийгээ өөрөө жилийн 84 мянгын хөнгөлөлтөө хөдөлмөрийн хөлсний доод түвшинтэй хамтруулаад авч үзвэл мөнгөний ханш тал дээрээ ч асуудал үүсгэхгүй, нөгөө талаасаа цалингаараа амьдардаг хүмүүст ачаалал үүсгэхгүйгээр давхар шийдэх бололцоо байна. 2018 оноос ийм арга хэмжээ авж эхлэх тухай ОУВС-тай ярьж тохиролцох бололцоо байна уу?" гэж хэллээ.