Л.Болд: 40 хувьд нь 2 жилийн дараа олгоно гэж хүүхдүүдийг хуурч байна
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Үдээс хойш хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгох тухай өөрийн байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Л.Болд:
"Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоё гэдэг саналыг дэмжсэн гэж гүтгэж байна. Би тийм санал оруулж байгаагүй. УИХ-ын чуулганы хуралдаанд хүүхдийн мөнгийг ялгавартай олгох асуудлыг хэзээд эсэргүүцэж ирсэн. Герман, Швейцарь зэрэг олон улсад хүүхдийн мөнгө олгодог.
Монгол Улсын Их хурал хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшнээс нь хамааруулан олгож, хүүхдийн тэтгэмж болгон хувиргаж байна. Эхний ээлжинд нийт хүүхдийн 60 хувьд олгож байгаад 40 хувьд олгохгүй орхигдуулах гээд байна.
Ард түмнээ хуурч байна. 2 жил банкинд хадгаламж хэлбэрээр хадгалж байгаад олгоно гэж хуурч байна. Сүүлийн өдрүүдэд ам.долларын ханш 400 төгрөгөөр хөдөллөө. Энэ хурдаар явах юм бол 2 жилийн дараа үлдсэн 40 хувь нь хэдэн төгрөг авна гэж бодож байна? Одоо авах мөнгөнийхөө 30 хувийг авна гэсэн үг.
Ингэж болохгүй. Тиймээс энэ асуудлаар битгий улстөр хий, битгий бухимд. Хүүхдийн мөнгийг бүгдэд нь ялгаварлалгүй олгох хэрэгтэй. Хүүхдийн мөнгөнд чихээ битгий тагла. Хүүхдийн мөнгийг бид хамтран санаачилсан. Энэ санаачилгаасаа ухрахгүй, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох хэрэгтэй.
Банк, санхүүгийн салбарт хохиролтой гэж яриад байна. Хүүхдийн ирээдүйд итгэх итгэл, ард иргэдийнхээ амьжиргааг бодсон ч тэр арилжааны банкууд хүнд байдалд орно гэдгийг ойшоох хэрэггүй.
Аж ахуйн нэгжүүдээ дэмжих өөр бодлого баримтлах хэрэгтэй. Хүүхдийн мөнгийг битгий хасаач гэдгийг олон удаа гуйж байна."