Л.Оюун-Эрдэнэ: Төрийн албан тушаалтнууд хот дотор жижиг машин унадаг байя
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийн хүндрэл үүссэн шалтгаан, түүнээс гарах гарцын талаар өөрийн саналаа хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
"ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах, хамрагдахгүй тухай өнөөдөр ярих хэрэггүй. Мөн тус сангийн хөтөлбөрийг сонголттой авна гэсэн ойлголт байхгүй. Том агуулгаар нь энэ хөтөлбөрийн тухай ойлголтыг иргэдэд хүргэх шаардлагатай байх.
Дэлхий дээр хэн өндөр орлоготой нь их татвар төлж, бага орлоготой нь бага татвар төлдөг. Хүмүүнлэг, ардчилсан нийгэмд ийм л тогтолцоо үйлчилдэг.
Өнөөдрийг хүртэл лоббинд автсаар байгаад нөхцөл байдал туйлдаа хүрсний л илрэл шүү дээ. Татварын шаталсан бодлого дэлхийн бүх оронд л хэрэгжиж байгаа. Ингэж байж л бид сургууль, цэцэрлэгээ барьж, бүтээн байгуулалт өрнүүлж, бага орлоготой нийгмийн давхаргыг дундаж бүлэгт хамруулна шүү дээ. Архи, тамхи, автомашины онцгой албан татварыг нэмэхээс өөр арга байхгүй.
Цаашид олон сонгууль явуулдагаа болих хэрэгтэй юм шиг байгаа юм. Учир нь сонгуулиас сонгуулийн хооронд өрнөх улс төрийн үйл явцаас хамаарч зоримог шийдвэр гаргаж, түүнийгээ тууштай хэрэгжүүлэх боломж алга. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болохтой зэрэгцэн асуудлыг улстөржүүлж байна.
ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон, бондын төлбөрийг хугацаанд нь төлсөн гэж байгаа нь эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн амьдралд бодитоор нөлөөлж байгаа болов уу. Тойргийн иргэдтэйгээ уулзалт хийж явахад хүмүүсийн амьдрал сэргэж байгаа нь харагдлаа. Хөрөнгө оруулагчидтай уулзаж байхад тогтвортой орчин бүрдэж байгаа гэж байна.
ОУВС-гийн хөтөлбөр бидэнд гашуун сонсогдож байна гэдэг нь олон улсын стандартаас манай улсын эдийн засаг, санхүүгийн сахилга бат ямар хол зөрүүтэй явж ирсний тод илрэл.
Зарлага тал дээр хэлэх хоёр санал хэлье. Иргэд зарлагаа хангалттай танаж чадахгүй байгаад бухимдацгааж байна. Улсын төсвийг үр ашигтай зарцуулж байгаа эсэхэд бизнес эрхлэгчид ч эргэлздэг. Гэтэл төсвийн тодотголын төсөл дээр зарлагаа танах талаар дорвитой арга хэмжээ авсан нь төдийлөн харагдахгүй байна.
Жишээлбэл, төрийн өндөр албан тушаалтнууд хот дотор жижиг машин унадаг байя. Хөдөө орон нутагт томилолтоор явахдаа том машин унадаг байхаар төрийн албаны унааг парклаж болохгүй гэж үү?"