УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2016.11.03

С.Эрдэнэ: "Энхийн цагаан тагтаа" шиг энэ заваан яриагаа боль

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: 

2015 он хүртэл Хүүхдийн мөнгийг 100 хувь олгож ирсэн. 2016 оны төсвийн тухай хуульд 7 дугаар сарын 1 хүртэл олгоно гэж баталсан. Учир нь УИХ-ын сонгуулийн дараа улсын төсөвт тодотгол хийж шийдэх УИХ-ын тогтоолын төслийг та бид хамтдаа баталсан. Гэтэл одоо та нар, та нар гэж дайраад байх юм.

УИХ-ын чуулганы танхимд сууж байгаа, өмнөх УИХ, Засгийн газрын үед гишүүн байсан хүмүүс бүгд л энэ тогтоол шийдвэрт оролцсон шүү дээ.

Хоёрдугаарт, 2014-2015 оны асуудлыг сөхөж байгаа бол тэр үеийн эдийн засаг, сангийн бодлогыг тодорхойлж байсан хүмүүс бидний дунд сууж байна. Өмнөх дөрвөн жил рүүгээ хамаг буруугаа чихсэн. Өөрсдийгөө “энхийн цагаан тагтаа” болгож харуулах гэсэн оролдлогоо болих хэрэгтэй.