Л.Энх-Амгалан: 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн тодорхой хувь нь ипотекийн зээлтэй байгаа шүү дээ
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн тодорхой хувь нь ипотекийн зээлтэй байдаг. Тэгвэл ипотекийн зээлээ төлсний дараах орлогоос татвар ногдуулах эсэхээ шийдэж болох уу гэдэг асуудлыг хөндлөө.
Нийт ажиллагсадын 96 хувийн татвар нэмэгдэхгүй бөгөөд одоогийн үйлчилж буй хүн амын орлогын албан татвар 10 хувиа төлөөд явна гэж Сангийн яамнаас тайлбарлаж байгаа. Өнөөдөр Монгол Улсад 1,1 сая хүн хөдөлмөр эрхэлж байна гэж тооцвол 1 сая 45 000 хүн одоогийн үйлчилж буй 10 хувийн татвараа төлөхөөр байна.
Өмчийн хэлбэрээр авч үзвэл, төрийн албанд 200-240 мянган хүн улсын төсвөөс цалинжиж, үлдсэн 900 орчим мянган хүн хувийн хэвшилд ажиллаж байна.
Хувийн хэвшил тэр дундаа дундаж цалин нь бусад салбараасаа харьцангуй өндөр түвшинд хүрсэн банк санхүү, уул уурхайн компаниудын 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай ажилчдын төлөх татвар 5 хувиар нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Гэтэл тэр хүмүүсийн дийлэнх нь ипотекийн зээлтэй байдаг.
Нэг гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр цалингаасаа сард 400 мянгаас 1 сая төгрөгийг орон сууцны зээлд төлдөг. Тиймээс ипотекийн зээлд хамрагдсан, цалингаасаа зээлээ төлдөг хүмүүст тодорхой хөнгөлөлт эдлүүлж болох уу гэж УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Сангийн яамнаас асууллаа.
Тодруулбал, 5-20 хувиар татварын хувь хэмжээг нэмж тооцохдоо цэвэр цалингийн орлогоос нь тооцох уу эсвэл ипотекийн зээлээ төлсний дараах орлогоос тооцох уу гэдгийг тодруулсан юм.
Бодит байдлыг харгалзан үзэж хөнгөлөлт эдлүүлэхгүй юм бол дундаж давхарга гэж нэрлээд байгаа 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдэд дарамт болно шүү дээ гэдгийг тэрээр хэллээ.
Түүний асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа хариулахдаа: "Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлж байгаа мэдээллийн баазад үндэслэж нийт ажиллагсадын 96 хувьд татвар ногдохгүй гэдэг үндэслэлийг гаргаж ирсэн. Шинээр орон сууц худалдан авсан иргэн байр авсанаа нотолсны үндсэн дээр татварын хөнгөлөлт эдлүүлдэг систем хэвийн үйлчилж байгаа" гэсэн юм.
Сангийн яамны хариултаас харахад УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн санал дэмжигдэхгүй нь бололтой.