АН, МАН үзэлцэв
Төсвийн тодотгол хэлэлцэж байх энэ цаг дор улс төрийн хоёр том хүчин Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийлж байна. УИХ дахь МАН, АН-ын бүлгийн дарга нарын байр суурийг эсрэгцүүлэн хүргэе.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа
Энэ хаврын чуулганаар төсөв тодотгохтой холбогдуулан АН-ын зүгээс өрийг өрөөр дарах гэж байна, иргэд аж ахуйн нэгжийн татварыг нэмж байна, ОУВС-гийн далбаан дор 5,5 тэрбум ам.долларын өр тавьж, улсын өрийг улам нэмэгдүүлэх гэж байна гэсэн буруу ташаа мэдээлэл олон нийтэд түгээж байгааг буруушааж байна.
Ардчилсан нам эрх барьсан өнгөрсөн 4 жилийн хугацаанд явуулж ирсэн алдаатай бодлогын уршгаар Монгол Улсын эдийн засаг нэн хүндэрснийг амьдрал, тоо баримтын аль аль нь нотолж байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн алдаатай үйлдлээ Ардчилсан намын зарим улстөрчид мартжээ.
2011 онд 17,5 хувьд хүрсэн эдийн засгийн өндөр өсөлт жил дараалан саарсаар 2016 он гэхэд 13 дахин унасан. Улсын гадаад өр 24 тэрбум ам.долларт хүрч, бизнесийн орчин хумигдаж, ажилгүй, орлогогүй иргэд, ААН-ийн тоо нэмэгдсээр өнөөдрийг хүрсэн.
Ардчилсан нам Засгийн эрх барьж байсан 4 жилд өндөр хүүтэй, богино хугацаатай зээл гаднаас авч, улс орны эдийн засгийг өрийн дарамтад оруулсан гэдэг нь маргашгүй үнэн.
Гадаадын зах зээлээс босгосон мөнгөөрөө экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн оронд гудамж талбай засах, хүүхдийн дүрэмт хувцас оёх, зайрмагны цех байгуулах, цэцэг тарих зэргийг санхүүжүүлсэн нь алдаа байсан.
МАН ард түмнийхээ язгуур эрх ашгийг ямагт дээдэлж, Ардчилсан намын алдаатай бодлогыг залруулж, "шаварт" унасан эдийн засгийн уналтыг зогсоох, хугацаа тулгамдсан өрийг дарах, хэмнэлтийн горимд шилжих, зардлаа хасах, орлогоо нэмэгдүүлэх бодлого барьж богино хугацаанд үр дүнд хүрэх замыг эрэлхийлж байна.
Монгол Улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Зээлжих зэрэглэл муудсаны улмаас 10 хувиас доош хүүтэй бонд гаргах боломжгүй хэмээн тооцож байсан хүнд нөхцөл байдалд 8,75 хувийн хүүтэй, 7 жилийн хугацаатай бонд гаргалаа.
2017 онд 54 тэрбум, 2018 онд 351 тэрбум төгрөгөөр зардал буурна. Зардлыг огцом бууруулах бодит боломж алга.
Улсын төсвийн орлого талд 7 төрлийн татвар, шимтгэлийг үе шаттайгаар нэмэхээр оруулж ирсэн нь татвар төлөгчдийн тодорхой хүрээг хамарна. Татвар нэмснээр нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэж, хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалан, зохисгүй хэрэглээг хязгаарлана гэж үзэж байна.
Төсөлд бага хөдөлгүүрийн багтаамжтай автомашины татварыг үйлдвэрлэсэн оноос нь хамаарч, 3-15 хувь нэмэхээр тусгасан байна. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах, хуучин оны, шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг цэгцлэхэд чиглэсэн дорвитой арга хэмжээ гэж үзэж байна.
Төсвийн тодотголыг ОУВС-гийн шахалтаар, далбаан дор хэрэгжүүлж байна гэхээсээ илүү алдаагаа засах бодлогын шинэчлэл гэж ойлгох учиртай.
Төсөлд тэтгэврийн даатгалын хувь хэмжээг ажил олгогч, даатгуулагч тус бүрээр 2018 онд 1 хувь, 2019 онд 0,5, 2020 онд 1 хувь нэмэхээр тооцжээ. Тэтгэврийн сангийн одоогийн орлого нь тэтгэврийн зардлаа санхүүжүүлж чадахгүй байдалд орсон учраас ийм шийдэлд хүрсэн.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
"Ахмадаа ачилна", "Ард түмнээ алагчилдаггүй төр болно" гэсэн амлалтаасаа ухарч, тэтгэврийн насыг 65 болгох, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийн хувь хэмжээг нэмэхгүй, цалинг гурван жил царцаах, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, орлогод татвар ногдуулах гэх зэргээр эрээ цээргүй, нэн хатуу бодлого барьж байгаад иргэд бухимдаж байна.
2008-2012 оны Засгийн газрын тавьсан өрийн дарамттай Ардчилсан намын Засгийн газар нүүр тулгарсан. Бид олон улсын санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгож, та бүхний тавьсан өрийг ч төлж, бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн бодлого явуулж, ажлын байрыг хадгалсан гэдгийг мартаж болохгүй.
2008-2012 онд хөрөнгө оруулалт, уул уурхайн сэргэлтийн үед төсвийн мөнгийг тарааж, оффшорчдыг тэтгэсэн алдааг давтаж болохгүй. Ардчилсан намыг Засгийн эрхэнд байхад хангалттай улс төр хийж байснаа өнөөдөр эргэн санаж, иргэдээ ажилтай, орлоготой болго.
Чалкогийн өр болох 350 сая ам.доллараас 240 сая ам.долларыг болон бэлэн тараасан мөнгөний амлалт гээд нийт 400 сая ам.долларын өрийг бид төлсөн.
Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн дөрвөн 4 жил хамгийн доод цэгтээ байсан тэр үед Ардчилсан нам улс орноо удирдаж, олон улсын зах зээлээс бонд босгож, нүдэнд харагдахуйц, амьдралд мэдэгдэхүйц томоохон бүтээн байгуулалт хийж ирснийг ард түмэн мэдэж байгаа.
Төсвийн бодлогыг өр зээл нэмэхэд бус үндэсний хэмнэлт, таналтын бодлого руу шилжүүлж чадвал бидэнд гадны дэмжлэггүйгээр эдийн засгаа босгох боломж байна. Өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр огцом өсөж байгаа учир Засгийн газар бодит эдийн засгийг өсгөх эрс шийдэмгий бодлого барих ёстой.
Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн хэмжээ 2017 оны төсөвт тусгагдсан 22,1 их наяд төгрөгөөс 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 2018-2019 онуудад 400-700 тэрбум төгрөгөөр улам өсөхөөр төсвийн тодотгол оруулж ирж байна.
Ардчилсан намын бүлэг төсвийн алдагдлыг хамгийн боломжит хэмжээнд хүргэн бууруулж батлахыг шаардаж байна.
Татвар нэмж, төсвийн орлогоо нэмж байгаа нь баялаг бүтээгчдэд чиглэсэн биг, эдийн засгийн бодит дэмжлэг бус, зөвхөн төсвийн зардал, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эрх баригчдын бэлэн мөнгөний уут, Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилт болон хувирах магадлал өндөр байна гэж УИХ дахь АН-ын бүлэг үзэж байна.
Суудлын автомашины онцгой албан татварыг нэмснээр 33,8 тэрбум, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосноор 43 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмснээр 117,1 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцон холбогдох хуулиудыг өөрчлөх гэж байна.
ОУВС-гийн далбаан дор, тус сангаар халхавч хийж, Монгол Улсын өрийг нэмэгдүүлэх гэж байгаа башир аргаа зогсоох хэрэгтэй.
Тэтгэврийн насыг нэмэхийн оронд насны шатлалтай олгох, ирээдүйн өв сангийн болоод баялгийн сангийн хүүгийн орлогын хуримтлалаар тэтгэврийн санг бүрдүүлэх Ардчилсан нам санаачилгыг дэмжиж ажиллахыг хүсч байна.