Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.13) хуралдаан 10 цаг 16 минутад гишүүдийн 68.4 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцлээ. Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б. Чойжилсүрэн Сангийн яамны газар, хэлтсийн дарга нар болон холбогдох албаны хүмүүс оролцов.
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засийн газрын тусгай сангийн хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулах авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “Монгол Улсын 2018 оны төсвийг хэлэлцэх хүртэл Концессын тухай хуулийн 4.1.2 дэх хэсгийг тогтоолд оруулах” саналыг Ажлын хэсгээс оруулав. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь дэмжлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүдийн зүгээс асуулт асууж, санал хэлээгүй тул УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.