С.Чинзориг: ОУВС-гаас тэтгэврийн насыг нэм, хүүхдийн мөнгийг тана гэж шууд шаардсан юм уу? Б.Чойжилсүрэн!
УИХ-ын гишүүн С.Чинзориг
2017.04.07

С.Чинзориг: ОУВС-гаас тэтгэврийн насыг нэм, хүүхдийн мөнгийг тана гэж шууд шаардсан юм уу? Б.Чойжилсүрэн!

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийхийн сацуу зөөлөн бодлого явуулж болохгүй юу гэсэн асуудал хөндлөө. 

С.Чинзориг: Сахилга батжуулахын сацуу зөөлөн бодлого явуулахгүй юм уу?

"Тэтгэврийн насыг нэмнэ гээд байдаг. Гэтэл ОУВС-гийн хөтөлбөрийн шаардлагад 2027 он гэхэд тэтгэврийн насыг 65 хүрсэн байна, жил бүр 6 сараар нэмнэ гээд тодорхой тусгачихсан юм уу эсвэл нийгмийн даатгалын сангийн ДНБ-д эзлэх алдагдлаа бууруул, тэтгэврийн насаа нэмэхийг эрмэлз гэсэн ерөнхий утга байгаа юм уу?

Одоогийн УИХ байгуулагдсан цагаасаа хойш Хүүхдийн мөнгөний асуудлаар гурав дахь шийдвэрээ гаргах гэж байна. Намар 2016 оны төсвийг тодотгохдоо нийт хүүхдийн 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгоно, 40 хувьд нь 2019 онд нөхөж олгоно гэсэн шийдвэр гаргасан.

Сая намрын чуулганы завсарлагаанаар тойргийн иргэдтэйгээ уулзахдаа өмнөх шийдвэр бага зэрэг өөрчлөгдөж, босго тавихаар болсон гэж тайлбарлаж явлаа. Одоо гэтэл хүүхдийн мөнгийг ердөө 40 хувьд нь олгоно, 2019 онд 60 хувьд нь нөхөж олгохгүй гээд нэг асуудлаар ойрхон зайтай гурван шийдвэр гаргаж байна.

Нийт хүүхдийн 40 хувьд нь олгож, 60 хувьд олгох байсан мөнгөө хоолны талон, тэжээл олгоно гээд байдаг. Тэгвэл энэ ажилд хэдэн төгрөг зарцуулах вэ? Хичнээн өрх хоол, тэжээлийн тусламжид хамрагдах вэ?

Нийгмийн халамжийн давхардлыг арилга, зарим төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг багасга гэсэн санааг оруулж ирсэн байна. Ямар төрлийн, хичнээн хөтөлбөрийг давхцаж байна гэж үзэж байна вэ?

Дэлхийн банк, ОУВС-гийнхан улс орнуудыг эдийн засгийн хүндрэлээс гаргах хөтөлбөр хэрэгжүүлэхдээ нийгмийн даатгал, тэтгэврийн тогтолцоог өөрчлөхийн сацуу зөөлөн бодлого ч бас явуулдаг шүү дээ. Сахилга батжуулах бодлого баримтлахын сацуу зөөлөн бодлого явуулахгүй юм уу? Засгийн газрын зүгээс ОУВС-д тийм санал гаргаагүй гэж үү?

Ялангуяа тэтгэврийн нас нэмэгдэж байгаа, хүүхдийн мөнгө нь олгогдохоо больсон нийгмийн бүлэгт өөр төрлийн дэмжлэг үзүүлэх боломж байхгүй юу?"

Б.Чойжилсүрэн: Хоолны талон олгох зөвлөмж өгсөн

Сангийн сайд Б.Чойжилсүрэн

"ОУВС-гийн хөтөлбөрийг бичгээр УИХ-ын гишүүдэд хүргүүлэх болно. Гэхдээ нууцын зэрэглэлээр явуулъя. ОУВС-тай тохиролцож, албан ёсоор хөтөлбөрт хамрагдах шийдвэр гарахаас өмнө олон нийтэд гэрээ хэлэлцээрийг задлахгүй байя гэж тохиролцсон учраас нууцын шугамаар бичгээр өгье. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Урьдач гурван нөхцлийг тохиролцсоны үндсэн дээр эцсийн шийдвэр гарна.

Тэтгэврийн шинэчлэл хийхдээ тодорхой хөнгөлөлт эдлүүлдэг дэлхийн туршлага бий. ОУВС-аас Хүүхдийн мөнгийг 60 хувьд олгох байсныг 40 хувь болго гэж шаардахдаа хэмнэсэн хөрөнгөө өөр зүйлд зарцуулахгүйгээр зорилтот бүлгийн гэр бүлд хүнсний талон олгох байдлаар зарцуул гэсэн зөвлөмж өгсөн.

Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт 5,5 тэрбум ам.долларын санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгож байгаа. Жилийн 2 хувиас доошгүй хүүтэй, хугацаа 10 жилээс дээш гэж тохирсон. Нэгэнт хөтөлбөрт хамрагдах нь албан ёсоор шийдэгдсэн тохиолдолд Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас тодорхой дэмжлэг авах хүсэлтээ тавина гэж бодож байна."