УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ
2016.11.10

Ж.Бат-Эрдэнэ: Төрийн өмчит үйлдвэрийн газрууд хувийн компанийн зах зээлийг булааж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль болон УИХ-ын тогтоолын төслүүд, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах талаар өөрийн саналыг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

"Сүүлийн үед орон нутагт тэр тусмаа хувийн хэвшил эрхэлж болох салбаруудад төрийн өмчит үйлдвэрийн газрууд ажиллаж байна. Хувийн компаниуд, төрийн өмчит үйлдвэрийн газрууд хоорондоо өрсөлдөж, ажлаа булаацалдаж байна. Энэ талаар авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ бий юу?

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гурван төрийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчлахаар оруулж ирсэн байна. Ер нь хувийн хэвшил хийж болох үйл ажиллагааг эрхлээд явж буй төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчлах нь зүйтэй

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:

"Монгол Улсын төр хувийн хэвшлийн хийж чадах салбар руу ормооргүй байна. Махны экспортын талаар яриа хэлцэл хийгдээд эхлэнгүүт нь яамны дэргэд махны компани байгуулдаг. Ингэхээр махны салбарт бизнес эрхэлж буй хувийн компаниудад тодорхойгүй байдал үүсдэг.

Төр өөрөө бизнест оролцох, бизнес эрхлэх гэсэн санаархал, тодорхой бус байдал нь хөрөнгө оруулагчдыг тодорхой салбарт хөрөнгө оруулахад нь чөдөр тушаа болж байна.

Энэ нь эргээд эдийн засгийн хямрал үүссэн нэг шалтгаан юм. Төр бизнесийн үйл ажиллагаанд оролцож болохгүй. Нэн ялангуяа төрийн оролцоогүй хөгжих боломжтой, чадамж бүхий салбарт төр огт оролцоод хэрэггүй.

Өрсөлдөх чадваргүй, алдагдалтай төрийн өмчит үйлдвэрийн газрууд нь тухайн салбарт хувийн хэвшил үйл ажиллагаа явуулах боломжийг хаадаг. Ингэснээр хувийн хэвшлийнхэн өсөж хөгжиж чадахгүй байна.

Төр оролцохгүй салбараа албан ёсоор зарлаж, төр илүү ачаагаа нуруун дэрээсээ авч хаях хэрэгтэй. Хэрэв ингэвэл чөлөөт зах зээлийн зарчмаар тодорхой салбаруудад хувийн хэвшил нэвтрэн орж, бизнес эрхлэх боломжтой. Ингэвэл ажлын байр шинээр бий болно.

Төрийн албанд ажиллаж байсан хүмүүс хувийн хэвшилд ажиллах боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс энэ чиглэлд Төрийн өмчийн хорооноос нилээд тодорхой саналууд орж ирэх байх гэж бодож байна.

Төрийн өмчийн хороотой зөвшилцсөний дагуу хугацаа алдахгүйгээр 2017 ондоо багтаан тодорхой ажлууд хийхээр болсон."