Ө.Энхтүвшин: Татвар нэмснээр бараа, ажил үйлчилгээний үнэ өсөх үү?
2017.04.06

Ө.Энхтүвшин: Татвар нэмснээр бараа, ажил үйлчилгээний үнэ өсөх үү?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна

Хурлын үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин эдийн засгийн хямралд оруулсан хүмүүст хариуцлага тооцох талаар тодруулахыг хүслээ. Мөн тэрээр сайд нарын зардал, төрийн албаны орон тоог цомхотгох тухай асуулаа.

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Эдийн засаг унаж, улсын төсөв хүнд болсон үед л МАН сонгуульдаа ялж гарч ирдэг. Эдийн засгийн хямралаас гарч, өр ширийг дардаг боловч муу нэртэй.

Өчигдөр МУ-ын Ерөнхийлөгч хариуцлагын талаар их ярьлаа. Энэ талаар энэ хурал дээр ярьмаар байна. Улс орноо ийм байдалд оруулсан хүмүүст ямар хариуцлага тооцох вэ? Хөгжлийн банкнаас 1,3 их наядын асуудал гарч ирсэн. Хийгдээгүй ажил дээр бас их мөнгө зарсан.

Нэгдүгээрт, Энэ хүмүүст хариуцлага тооцож, мөнгийг нь гаргаж авах тал дээр юу хийсэн бэ? Хариуцлага ярих гэж байгаа бол үүнээс л эхэлж ярих хэрэгтэй.

Хоёрдугаарт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх сайд нарын төсөв нэмэгдсэн тухай ярьж байна. Үүний учрыг олох хэрэгтэй байна. Хурлын үеэр зардал бууруулна, орон тоо бууруулна, татвар нэмнэ гэж ярьж байгаа хэрнээ сайд нар дээр зардал нэмэгдэж байгаа мэдээлэл ямар учиртай вэ?

Гуравдугаарт, төрийн албын орон тоо буурах саналын тал дээр асуулт байна. Тэтгэвэрт гарсан хүний оронд боловсон хүчин авахгүй юм байна. Ингэснээр хичнээн хүн төрийн албанаас чөлөөлөгдөж, хэдэн төгрөгний хэмнэлт хэдэн онд бий болох вэ?

Дөрөвдүгээрт, 7 төрлийн татвар нэмэх юм байна. Үүнээс үнийн өсөлтөнд шууд нөлөөлөх татвар аль нь вэ? Энэ тал дээр ямар тооцоо гаргасан бэ?

УИХ-ын гишүүн сангийн сайд Б.Чойжилсүрэн:  Хариуцлага тооцох талаар асууж байна. Хөгжлийн банканд ажлын хэсэг гаргаад, урьдчилсан шалгалтуудын дүн гарсан. 1,4 орчим их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зөрчил гарч, хууль зүйн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргаж хууль хяналтын байгууллагад шалгах процесс явагдаж байгаа.

Сайд нарын төсөв нэмэгдсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гажуудуулсан мэдээлэл гарч байгаад харамсаж байна.

2017 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад төсвийн зарлага ба цэвэр зээлийн хэмжээ 220,7 тэрбум төгрөгөөр нэмэгдэж орж ирсэн. Үүнд хамгийн их нөлөөлж байгаа нь хүүгийн орлогоос шинээр нэмж гарах ипотекийн зээлийг төсөвт суулгах шаардлагыг ОУВС-аас тавьсан. Үүн дээр 111 тэрбум төгрөг суулгасан. Жижиг дунд үйлдвэрлэлийн сан, тариалан эрхлэх сангийн шинээр нэмж олгох эх үүсвэрийн хэмжээг 51,8 хувиар нэмэгдүүлсэн ба орлого нь яг энэ хэмжээгээр нэмэгдэж байгаа. Гадаадын зээл тусламжаас санхүүжих зардлын цэвэр өөрчлөлтийг 116,7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын 3 дугаар аян”-ыг үргэлжлүүлэхэд 35 тэрбум төгрөгийг нэмж суулгасан. Мөн үүн дээр нэмээд 2016 оны 12 сарын сүүлээр Хөгжлийн банк, МУЗГ хоорондын өр авлагаа салгасан.  2017 оны төсөвт тусгай хавсралтаар “Хөгжлийн банкнаас санхүүжих дүн” гээд 172 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний 80 гаруй төсөл арга хэмжээнүүдийг Засгийн газар төсвөө авахаар төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр хувааж тавьсан учраас зарлагын дүн нь өссөн нөхцөл байдал байгаа.

2017 оны байдлаар нийтдээ 4558 хүн тэтгэвэрт гарах хүсэлт өгснөөр төсөвт суулгасан. Боловсрол, Эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын салбаруудын албанд нийт 1191 орон тоо буурна гэдгийг мэдээллээ.

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: ХМХ-ээр өөрсдийнхөө зардлыг нэмлээ гэсэн ташаа мэдээллүүд их явж байсан. Сайд нар дээр нэмэгдэж буй гол зардал нь Хөгжлийн банкнаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн байсан зардлуудыг бүгдийг төсөв рүү эргүүлж татаж оруулж ирсэн. Ингэхдээ салбар салбар дээр 172 тэрбум төгрөг нь үндсэндээ урьд нь санхүүжүүлсэн байсан Хөгжлийн банкнаас оруулсан мөнгө юм.

Харин зарим нэг зардлуудыг нэмсэн. Жишээ нь, БСШУЯ-ны сайд дээр 7 тэрбум, Зам тээврийн сайд дээр 10, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд дээр 3, Эрчим хүчний сайд дээр 1, Эрүүл мэндийн сайд дээр 5 тэрбум гэх мэтчилэн мөнгө нэмсэн. Эдгээр нь нийгмийн чиглэлийн үйлчилгээ явуулдаг байгууллагуудын урсгал зардал болж 39 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа.

Бусад нь гадаадын зээл тусламжаас санхүүжүүлэх хөрөнгөний Монгол Улсын талын санхүүжүүлилтийн асуудал болно. Ингэж байж бид хөнгөлөлттэй зээл авах бололцоо бүрдэнэ. “Атрын 3 дугаар аян” болон “Мах сүүний аян”-ыг хэрэгжүүлэх хүрээнд хөрөнгө гаргасан. Цаашдаа бид эдийн засгаа сэргээх чиглэл дээр төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэгийг байнга үзүүлж байх ёстой. Энэ аяны хүрээнд иргэдийг чанартай хүнсээр хангана. Үүнийг төрөөс санхүүжүүлж байж бид нар тодорхой хугацааны дараа үр дүнгээ үзэх бололцоотой гэж үзсэн.

Түүнээс биш цалин, хангамжийн зардал огт нэмэгдээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.