УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат
2017.04.13

Д.Эрдэнэбат: Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авахаа хатуу анхааруулж байна

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон энэ хуультай холбоотой дагалдан гарч байгаа хууль, тогтоолын төслийн талаарх УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлт

Эрх баригчдын туйлбаргүй, бодлогогүйн тод жишээ өнөөдөр болж байна

- Олон төсвийг нэгтгэж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулна гэх нэрийн дор өнгөрсөн намрын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгосон.

- Төсвийн алдагдлаа нэгтгэж, ДНБ-ий 18 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэн баталж, сахилгагүй мэдэгдлийг Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нар хийснээр улсынхаа зээлжих зэрэглэлийг бууруулахад хүргэсэн.

- Намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2017 төсвийн тухай хуульд төсвийн алдагдлаа ДНБ-ий 9,8 хувьтай тэнцэх хэмжээнд бууруулж баталсан боловч өнөөдөр 10,6 хувь болгож өсгөхөөр оруулж ирлээ.

- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2017 оны төсвийн тухай хуульд зааснаас 300 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр, цаашлаад 2018-2019 онуудад буурахгүй байхаар төсөлд тусгажээ.

- Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн хэмжээ 2017 оны төсөвт тусгагдсан 22,1 их наяд төгрөгөөс 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 2018-2019 онуудад 400-700 тэрбум төгрөгөөр улам өсөхөөр төсвийн тодотгол оруулж ирж байна.

- Ойрын гурван жилд улсын эдийн засаг, санхүү, төсвийн орчныг тогтворжуулж, сэргээж чадахгүй гэдэг нь төсвийн тодотголоос харагдаж байна.

- ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр, олон улсын санхүүгийн байгууллагууд, гадаад улсаас авах зээл, хөнгөлөлттэй хөрөнгө оруулалтын үр дүнд төсвийн болон төлбөрийн тэнцлийн алдагдал бүрэн арилсан байх атал ОУВС-гаас өгөх 440 сая ам.доллар, түүнийг дагаж орж ирэх 3 тэрбум ам.долларын мөнгө урсгалын үр дүнд 2017 оны төсвийн тухай хуулиар батлагдсан 2,4 их наяд төгрөгийн алдагдалгүй ажиллах ёстой.

- Засгийн газар Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлж, 1 их наяд төгрөгийн эх үүсвэрийг төсвөөс гаргасан атлаа тус банкны эх үүсвэрээр санхүүжигдсэн 161,3 тэрбум төгрөгийн зээлийг төсөвт суулгаж, зардал нэмэгдсэн нь төсөвт давхар ачаа болсон байна.

- 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд төлбөрийн тэнцлийн зөрүү -2,7 их наяд төгрөг буюу алдагдал буурах биш нэмэгдэхээр оруулж ирлээ.

- Засгийн газрын авах 5,5 тэрбум ам.долларын санхүүжилтийг юунд зарцуулах гэж байгаа нь тодорхойгүй байна.

Улсын өрийн хэмжээ ойрын гурван жилд өссөөр байх нь тодорхой боллоо. 

- Сонгогчдыг хууран мэхлэх замаар төрийн эрхийг авч, өнөөдөр эрх баригчид сонгуулийн амлалтаасаа буцаж, хуучин арга барилаараа улс орныг удирдахыг оролдож байна.

- 2010 онд уул уурхайн бүтээгдэхүүний өсөлтөөс орж ирсэн орлогыг иргэн бүрт 21000 төгрөг бэлнээр тараасан нь Монгол Улсын эдийн засгийн хүндрэлийн суурийг тавьсан.

- Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн дөрвөн жилийн турш хамгийн доод цэгтээ байсан тэр үед Ардчилсан нам улс орноо удирдаж, олон улсын зах зээлд бонд босгож, томоохон бүтээн байгуулалт хийж ирснийг ард түмэн мэдэж байгаа.

- Өмнөх Засгийн газрын авсан өрийн дарамттай Ардчилсан намын Засгийн газар тулгарсан хэдий ч бид олон улсын санхүүгийн зах зээлийг сонгон, та бүхний тавьсан өрийг ч төлж, бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн бодлого явуулж, ажлын байрыг хадгалсаар ирсэн.

- Чалкогийн өр болох 350 сая ам.доллараас 240 сая ам.доллар болон бэлэн тараасан мөнгөний амлалт нийт 400 сая ам.долларын өрийг бид төлсөн.

- Өнөөдөр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр огцом өсөж байгаа энэ үед Засгийн газар эрс шийдэмгий, үр дүнд хүрэх, бодит эдийн засгийг өсгөх ажлуудыг хийх шаардлагатай байна.

- Төсвийн бодлогыг өр зээл нэмэхэд бус үндэсний хэмнэлт, таналтын бодлого руу шилжүүлж чадвал бидэнд гадны дэмжлэг шаардлагагүйгээр эдийн засгаа босгох боломж байна.

2008-2012 онд хөрөнгө оруулалт, уул уурхайн сэргэлтийн үед төсвийн мөнгийг тарааж, оффшорчдыг тэтгэсэн алдааг бидэнд дахин давтах эрх байхгүй.

- Ардчилсан намын бүлэг энэ удаа төсвийн алдагдлыг хамгийн боломжит хэмжээнд болгон бууруулж батлахыг шаардаж байна.

- Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн үндсэн шаардлагуудаа өнөөдрөөс эхлэн өөрчлөхгүйгээр сахин биелүүлбэл үр дүн гарна гэж итгэж байна.

- ОУВС-гийн далбаан дор, тус сангаар халхавч хийж Монгол Улсын өрийг нэмэгдүүлэх гэж байгаа башир аргаа зогсоох хэрэгтэй.

Та бүхэн хэдэн сарын өмнө зээл авахгүй, улсын өрийг нэмэгдүүлэхгүй гэж ард түмэндээ амласнаа эргэн санах хэрэгтэй.

- Ардчилсан намыг Засгийн эрхэнд байх үед хангалттай улс төр хийж байснаа өнөөдөр эргэн сана.

- Та бүхнийг асуудалд нэг байр сууринаас хандахгүй байгааг ард түмэн харж байгаа.

- Валютын ханш өсөх биш буурах хандлагатай байхад нэг ам.доллартай тэнцэх төгрөгийн ханшийг 2538 төгрөгөөр төсөвт тооцоолсон нь төсвийн зардлыг өсгөх гол шалтгаан болжээ.

Эрээ цээргүй, нэн хатуу бодлого барьж байна

- Төсвийн тодотголд төсвийн урсгал зардлын цэвэр зөрүү 220,7 тэрбум төгрөг байхаар төсөлд тусгасан атлаа дагалдаж батлагдах хуулиудаар ард иргэд, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх замаар 104 тэрбум төгрөгийн орлого олохоор тусгажээ.

- "Ахмадаа ачилна, ард түмнээ алагчилдаггүй төр болно" гэсэн сонгуулийн амлалт чинь тэтгэврийн насыг 65 болгох, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн хувь хэмжээг нэмэхгүй гурван жил царцаах, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх, олж буй орлогоор нь ард түмнээ ялгаж, татварын өндөр дарамт учруулан, тэдний халаас руу эрээ цээргүй орсон нэн хатуу бодлого барихыг эрмэлзэж байгаад та бүхнийг итгэж сонгосон иргэд бухимдаж байна.

- Ажилгүйдэл өндөр, эрс тэс уур амьсгалтай, үйлдвэрлэл сул хөгжсөн манай улсыг олон улсын жишигтэй харьцуулж тэтгэврийн насыг уртасгах нь хэрхэвч тохирохгүй гэдгийг бид биш ард түмэн хэлж байна.

- Тэтгэврийн насыг нэмэхийн оронд насны шатлалтай олгох, ирээдүйн өв сангийн болоод баялгийн сангийн хүүгийн орлогын хуримтлалаар тэтгэврийн санг бүрдүүлэх Ардчилсан нам санаачилгыг дэмжиж ажиллахыг хүсч байна. 

- 2016 оны гүйцэтгэлээр төрийн урсгал зардлууд 995,3 тэрбум төгрөгөөр өссөн нь Монгол Улсын Засгийн газар иргэдээ ажилтай, орлоготой болгох биш төрийг данхайлгах бодлого хэрэгжүүлж байна.

Төр өмчөөсөө салах дургүй байна

- Төсвийн орлого баялаг бүтээгчдэд чиглэсэн биш, эдийн засгийн бодит дэмжлэг бус, зөвхөн төсвийн зардал, төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх эрх баригчдын бэлэн мөнгөний уут, Ерөнхийлөгчийн сонгуулийн санхүүжилт болон хувирах магадлал өндөр байна.

- Үр ашиг буруутай төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хувьчилж, төсвийн орлогыг 170 гаруй тэрбум төгрөгөөр  нэмэгдүүлэхээр 2017 оны төсвийг баталсан ч өмч хувьчлалын орлогыг 177,3 тэрбум төгрөгөөр бууруулахаар төсвийн тодотголд тусгажээ.

- Бүхнийг төрд, бүгдийг нийгэмчлэх, бусдаас бурууг хайх, бусдын өмчийг булаах нь өөрөө коммунист араншин мөн.

- Төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн бизнесийг дэмжих, эдийн засгийн бодит өсөлтийг хангах чиглэл алдагдах эрсдэл тулгарч байна.

Ард түмний өмч улстөрчдийн бялуу болон хувирах замыг заслаа.

- Өрийн дарамтаас салах нэрийн дор улстөрчдийн бизнест оролцох оролцоог өдөөх нь яах аргагүй алдаа мөн.

- Суудлын автомашины онцгой албан татварыг нэмснээр 33,8 тэрбум, хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосноор 43 тэрбум, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэнээр 117,1 тэрбум төгрөгийн орлого олохоор холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах гэж байна.

- Орлогын эх үүсвэрийг иргэдээ дарамтлахгүйгээр уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, төрийн өмчийг хувьчилснаар, валютын ханшийг зөв тогтоосноор олох боломж байгааг харж чадсангүй, харахыг хүссэнгүй.

- Хүүхдэд олгодог байсан 223 тэрбум төгрөгийг хүүхдүүдээс харамлаж, өндөр настны тэтгэвэрт гарах хугацааг 5-10 жилээр сунгаж, залуучуудын ажлын байрыг хумиснаар ирэх он гэхэд 98,2 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцоолжээ.

- Нийт хүн амын 70 хувийг эзэлж буй боловсрол, мэдлэг, ур чадвартай залуусыг хөдөлмөрийн зах зээлд гарч ирэх боломжийг хаалаа.

- Бидний хамгийн үнэт зүйл бол хүүхэд мөн. Хүүхдийн мөнгө нь халамж гэхээсээ илүү хүүхдийн ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт байсан.

Та бүхний харгис бодлогын уршгаар хүүхдийн мөнгө энэ оноос 40 хувь танагдаж, одоо гадны шахалтаар 60 хувиар буурч байгаа нь эдийн засгийн хямралын өртгийг хүүхдээр төлүүлж байгаатай агаар нэг юм.

Хүүхдэд оруулж буй хөрөнгө оруулалтыг бүрэн олгохыг Ардчилсан нам шаардаж байна.

- Дөрвөн сарын өмнө хүнд нөхцөлд ажиллаж байсан малчдын тэтгэврийн насыг наашлуулсан ч иргэдийн тэтгэврийн насыг уртасгах бодлого барьж байгаа нь бодлогогүй, алсын хараагүйг нотолж байгаа хэрэг.

- Хийж бүтээхээс илүү хүнсний талоныг чухалчилж байгааг бид шүүмжилж байна. Энэ бол ядуу байх сэтгэлгээг улам өдөөх болно.

Төр бүсээ чангалбал түмэн олон төрөө дагадаг

- Эдийн засгийн хямралыг давах үндсэн арга зам бол хамгийн түрүүнд үр ашиггүй зардлаа хасах явдал.

- 2017 онд нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 8,5 их наяд төгрөг байхаар баталсныг 8,7 их наяд болгон нэмж байна.

- Зардлаа бууруулахгүйгээр ард иргэд, аж ахуйн нэгжид ачаа үүрүүлэх нь хамгийн оновчгүй бодлого юм.

- Ард түмэн биш албан тушаалтнууд бүсээ чангална гэж Ерөнхий сайдын үг яриа болон замхарч байна.

- 2017 оны төсвийн тодотголд Ерөнхий сайд, Засгийн газрын сайдуудын төсвийг 404 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн оруулж иржээ.

- Төсвийн байгууллагын ажилчдын тоо өнгөрсөн 6 сарын дотор 200-гаар нэмэгдэж, дэд сайд, агентлагийн орлогч дарга нар олширсон бөгөөд тэдний авдаг цалин, хэрэглэдэг машин, орон сууцны ашиглалтын үргүй зардал чинээндээ тултал өсчээ.

- 5 сарын өмнө Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг батлахдаа эдийн засгийн өсөлтийг 3 хувь болгоно гэж эргэн хар.

- 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд -0,2 хувь байна гэж Засгийн газар, Сангийн яам дэндүү хариуцлагагүй шийдэл гаргажээ.

- ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд эдийн засгийн өсөлтийг зориуд хасах дүнтэй оруулж ирж байгаа нь туйлын бодлогогүй байна.

- Таван том төслийг хөдөлгөснөөр эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэнэ гэсэн Сангийн сайдын үгийг бид мартаагүй.

- Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг УИХ-аас батлаад долоо сарын хугацаа өнгөрч байхад өрийг өндөр хүүтэй өрөөр сольсноос өөр тоймтой хэрэгжиж эхэлсэн, хэрэгжсэн зүйл алга.

- 2016 оны жилийн эцсийн гүйцэтгэл болон 2017 оны эхний улирлын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн эерэг гарсан нь Засгийн газрын тууштай, оновчтой ажиллагааны үр дүн биш.

- Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 488,3 тэрбум төгрөгөөр тасарч, тэнцвэржүүлсэн орлогыг 2017 оны төсөвт батлагдсан дүнгээс 144,4 тэрбум төгрөгөөр бууруулж тодотгохоор оруулж иржээ.

- Төсвийн сахилга баттай бодитой хяналт тавьж, үг үйлдлээсээ сөрөхгүй байхыг Засгийн газарт сануулж байна.

- Ардчилсан нам нүүрсний үнэ “үнс” болж байхад, эдийн засгийн хамгийн хүнд үед шинийг сэтгэж, бодлого гаргаж, алдаанаас эмээлгүй бүтээн байгуулалтуудыг хүний нүдэнд харагдаж, амьдралд мэдэгдэхүйц хийсэн.

- Ардчилсан намын хийсэн болгоныг үгүйсгэж, ард түмэнд тустай, эдийн засагт ашигтай бодлогуудыг шат дараалан зогсоохгүй байхыг шаардаж байна.

- Ипотекийн зээлийг зогсоосноор барилгын салбар уналтад орж, 2016 оны байдлаар өсөлт нь 15 хувиар буурчээ.

Бодит үнэнтэй эвлэрч, өмнөх Засгийн газрын сайн бодлогуудыг сэргээх нь Монгол Улсад, Монголын ард түмэнд тустай байх болно.

- Далд эдийн засгийг ил болгож, татварын суурь баазыг өргөтгөх тал дээр Ардчилсан нам эрх барьж байхдаа хийж байсан ажлыг эрчимжүүлэхийг санал болгож байна.

- 2015 оны 7 дугаар сарын 9-нд батлагдсан НӨАТ-ын тухай хууль нь нийгэмд тодорхой үр дүнгээ авчирч эхэллээ.

- Импорт, экспортын барааны бүртгэлийн системийг өөрчлөх, татвар, хураамж төлөгч аж ахуйн нэгж, иргэдийн тайлагнахгүй байгаа нууц орлогууд, газар, түүний хэвлийн баялгийг эзэмшиж орлого олж байгаа тайлагналыг ил болгосноор татварт ногдох хураамж нэмэгдэж, төсвийн орлого 600 тэрбумаас 1 их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бий.

- Татварын орлогыг нэмэгдүүлэхдээ татварын хувь хэмжээг нэмэх нь чухал биш бөгөөд татварын бааз суурийг өргөтгөж, далд эдийн засгийг ил болгоход анхаарах хэрэгтэй.

- Хоёр нам үзэл бодол, бодлогын зөрүү байгаа ч ард түмний амьжиргааг дордуулах алхмыг санаатайгаар хийж болохгүй.

- Эдийн засаг улам хумигдаж, иргэдийн хэрэглээ улам буурч, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийн хэрээр татварын ачаалал нэмэгдэж, ард олны итгэл та бүхнээс алсарч байна.

- 27 жил Ардчиллаар олсон эдийн засгийн эрх чөлөө, өмчлөх эрх хумигдаж, төр улам томорч, ард түмний өмч нэрийн дор бүхнийг нийгэмчлэх хандлага эрчээ авч байна.

- Иргэд, баялаг бүтээгчид эсэргүүцэн бухимдаж, тэсрэхэд бэлэн байгааг анзаарах хэрэгтэй.

- Бусдын нэрийг барьж, Монгол төрийн нэр хүнд, чадавхийг уландаа гишгэж, санаачилгагүй ажиллан, хамгийн хүнд ачааг иргэддээ үүрүүлж байгаа туйлын хариуцлагагүй байдлаа засахгүй тохиолдолд Засгийн газрыг огцруулах хүртэл арга хэмжээ авах болно гэдгээ сөрөг хүчний зүгээс хатуу анхааруулж байна.