МБЗ: Татвар нэмэх бус татварын бааз суурийг нэмэгдүүлэх нь илүү үр дүнтэй
МЭДЭГДЭЛ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭД,
Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) нь тэгш шударга, тогтвортой, ил тод бизнесийн орчинг тууштай дэмжин ажилладаг.
Юуны түрүүнд, бид Олон улсын валютын сангийн (ОУВС) Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг УИХ-аар баталж, улмаар Монгол Улсын Засгийн газар түүнийг хэрэгжүүлэх зүйтэй хэмээн үзэж байна. Олон улсын зах зээл болон зээлийн агентлагууд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж Монгол Улсын эдийн засаг болон эрсдлийн төлөв байдал тогтворжино гэсэн эерэг хүлээлттэй байгаа.
Хэрэв тус хөтөлбөр хэрэгжихээргүй болох тохиолдолд улс төр, хөрөнгө оруулалтын эрсдлийг нэмэгдүүлэх сөрөг үр дагаврыг дагуулах нь дамжиггүй юм.
Түүнчлэн УИХ-аар хэлэлцэж буй “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-д тусгасан татварын өөрчлөлтүүд нь Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн байгууллагуудыг түгшээж байна. Тиймээс энэхүү мэдэгдлээр бид дараах саналыг хүргүүлж байна. Үүнд:
1. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь хамгийн бага орлоготой иргэдэд хамгийн хүндээр тусна. Түүнчлэн жижиг, дунд үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдэд илүү дарамт учруулах урвуу нөлөөлөлтэй.
2. Хувь хүний орлогын хувь хэмжээнээс хамааран Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ) хэсэг бүлэг хүмүүст хоёр дахин хүртэлх хэмжээнд нэмэгдэж байгаа нь шударга бус явдал юм. Хэрэв ХХОАТ нэмэх шийдвэрт хүрвэл нийт иргэдэд ижил тэгш үйлчлэх зарчмыг баримтлах хэрэгтэй.
3. Хувь хүн, хувийн хэвшилд эргэлдэж буй мөнгөн дүнг татвар нэмэгдүүлэх замаар бууруулах нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх болно.
4. Татварын өнөөгийн хувь, хэмжээг өсгөхөөс илүүтэй татварын суурь баазыг нэмэгдүүлэх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна.
Төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах боломжит бусад арга замуудыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг Монголын бизнесийн зөвлөл онцгойлон илэрхийлж байна. Жишээлбэл:
1. Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дүнд шинжилгээ хийж ил болсон орлогын эх үүсвэр, хөрөнгийг бүртгэх
2. Оффшорт төвлөрсөн хөрөнгийг эдийн засгийн аргаар Монгол Улсын эдийн засагт эргүүлэн татах
3. Тэтгэврийн санг хэсэгчлэн хувьчлах буюу хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх. Ингэснээр тэтгэврийн санд учрах алдагдлыг бууруулж, иргэдэд очих тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ.
4. Шударга өрсөлдөөнийг чөдөрлөж буй төрөөс зохицуулсан татаас, хөнгөлөлтийг зогсоох
5. Зах зээлд “үнийн тааз” үүсгэж өрсөлдөөний шударга бус орчныг үүсгэж, алдагдалтай ажиллаж буй төрийн өмчит компаниудыг хувьчлах
6. Төсвийн зарлагыг бууруулж, төрийн албан хаагчдын орон тоог багасгах
Монголын бизнесийн зөвлөл нь гишүүн байгууллага болон бизнесийн салбарын бүх оролцогч талуудыг Монгол Улсад хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль, тогтоомжийг дагаж мөрдөхийг тууштай уриалж байна. Мөн татвараас зайлсхийхийг бид дэмжихгүй.
МБЗ-ийн баримталдаг тэргүүний чиглэл бол УИХ, Монгол Улсын Засгийн газартай тогтмол харилцаа холбоог үүсгэж, өрнүүлэх замаар бизнес эрхлэгчдийн дуу хоолойг хүргэж, хүндрэл бэрхшээлээ илэрхийлж, хамтын шийдэлд хүрэх явдал юм.
Иймд бүх оролцогч талуудад харилцан үр ашигтай нөхцөл, байдлыг бий болгох, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хурдасгах арга хэмжээг судлах, боловсруулах, мөн зөв сонголтыг хийхэд УИХ-ын эрхэм гишүүд, Монгол Улсын Засгийн газрыг хувийн хэвшил-бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.